Залуучууд анх удаа дундын оффис нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-09-04 18:03:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт залуучууд анх удаа дундын оффис нээлээ.

Тус аймгийн төв Даланзадгад сумын 6 дугаар багийн Засаг дарга Ц.Дэнээдоржийн санаачилгаар энэхүү бүтээн байгуулалтыг хийжээ. Тэрээр "Өмнөговь аймагтаа анх удаа төр захиргааны анхан шатны нэгж болох баг дээр байгуулсан гэдгээрээ онцлог юм. Залуучуудын хөгжлийн нэг сарын аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нэг сая төгрөгийн төсөл бичих эрх өгсөн. Мөн манай багт үйл ажиллагаа явуулдаг "Говь арслан" ХХК-иас дэмжиж нийт нэг сая зургаан зуун мянган төгрөгийн санхүүжилтээр энэхүү дундын оффисоо тохижууллаа" гэлээ.

Уг оффист залуус санал бодлоо солилцох, тулгамдаж буй асуудлаа төрийн байгууллагадаа хүргэхэд уг оффисын үр дүн гарна гэж үзэж байгаа аж. Мөн багийн хуралд залуусын оролцоо нэмэгдэх гэх зэрэг ач холбогдлоо өгнө гэж итгэж байгаа юм. Тус оффис нь зөвхөн тухайн багийнх биш нийт Даланзадгадынхан, Өмнөговийн залуус цуглардаг газар болно биз ээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Эрдэнэцэцэг хэлэхдээ "Залуучууд нэгдэж, залуус багийн төвд ирэх дуртай газрыг бий болгож байгаад баяртай байна" гэлээ. Залуучуудын хөгжлийн нэг сарын аяны нээлтэн дээр зарласан төслийн уралдааны үр дүн ийнхүү гарч эхэллээ.

Холбоотой мэдээ