ӨМНӨГОВЬ: Дунд хугацааны хөтөлбөрөөр "Хүн төвтэй хөгжил" бодлогыг хэрэгжүүлбэл үр дүнтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ЗДТГ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Хүн төвтэй хөгжил-Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого” сэдвээр цахим хэлэлцүүлгийг энэ сарын 28-нд зохион байгууллаа.
Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй хүн амын
хөгжлийн зорилтуудад бодит хувь нэмэр оруулахаар “Говийн бүсийн хүн амын цогц
бодлого”-ын төслийг бүс нутгийн өвөрмөц нөхцөл, сорилтыг харгалзан боловсруулж
хэрэгжүүлэх зорилготой юм.
Хэлэлцүүлэгт цахимаар говийн бүсийн аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар, бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, мөн Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Жендэрийн үндэсний хороо, Статистикийн үндэсний хороо болон НҮБ-ын харьяа агентлагуудын төлөөлөл оролцлоо.
Говийн
бүсийн дөрвөн аймагт улсын нийт хүн амын 6 орчим хувь амьдардаг, хүн амын
нягтаршил бага, шилжилт хөдөлгөөн өндөр, өсвөр насны охидын жирэмслэлт, гэр бүл
салалт, хүүхдийн эндэгдэл, ялангуяа эрэгтэй хүүхдийн эндэгдэл улсын дунджаас
өндөр байгаа тоон үзүүлэлт гарчээ.
Өмнөговь
аймаг эдийн засгийн хувьд уул уурхайн салбараас хэт хамааралтай байдал нь
орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлж, залуучуудын шилжилт хөдөлгөөн эрчимжиж уур
амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт, усны хомсдол мал аж ахуйд суурилсан
уламжлалт амьжиргаанд сөргөөр нөлөөлж хүн амын насжилт улсын дунджаас хурдтай
явагдаж, насжилтын индекс 17.1 хувьд хүрч байгаа нь хүн амын тогтвортой хөгжилд
сөрөг нөлөө үзүүлж байна.
Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс, ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэх зорилгоор хүн ам зүйн бодлогыг хэрэгжүүлэх нь онцгой ач холбогдолтой хэмээн хэлэлцүүлгээр чухалчилсан.
Мөн бүсийн дотор шилжилт хөдөлгөөний чиглэл, бүтэц ялгаатай байна. Жишээлбэл, Өмнөговь аймагт эрэгтэй ажиллах хүчний шилжилт давамгайлж байгаа бол Дундговь аймагт эсрэгээрээ эмэгтэйчүүдийн шилжилт их байна.
Говийн бүсийн хүн амын цогц бодлого нь
эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин
зэрэг олон салбарыг хамарсан салбар хоорондын бодлого тул “Хүн төвтэй
бүсийн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд аймгууд дунд хугацааны
хөтөлбөрүүдэд тусгах нь үр дүнтэй байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Улаанбаатар