БНАСАУ-аас хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-18 18:32:17

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам хоёр Солонгосын удирдагчдын 2018 оны дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрээ хэрэгжүүлэхийг БНАСАУ-д дахин уриалжээ.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар Пёньян хотноо 2018 оны есдүгээр сарын 19-нд уулзаж, хурцадмал байдлыг намжаах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсны хоёр жилийн ой болох гэж буй энэ үед дээрх мэдэгдлийг хийсэн байна.


Дээд хэмжээний уулзалтын хүрээнд талууд цэргийн хурцадмал байдлыг намжаах хэлэлцээрт мөн гарын үсэг зурсан юм.


“Хоёр Солонгос Пёньяны хамтарсан тунхаглалын тохиролцоонуудыг хэрэгжүүлж, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоохын тулд хүчин чармайлт гаргасаар ирсэн. Эдгээр баримт бичиг нь хоёр Солонгосын хооронд цэргийн хурцадмал байдал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Хэй Сил мэдэгджээ.


“Тохиролцоонуудыг бүрэн хэрэгжүүлбэл Засгийн газар хоёр Солонгосын хэлэлцээрийг биелүүлж, Солонгос хоорондын харилцааг сайжруулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлт гаргана” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Үндэстнээ нэгтгэх яам дээд хэмжээний уулзалтын хоёр жилийн ойг тохиолдуулан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй ажээ.


Үндэстнээ нэгтгэх яамны сайд Ли Ин Ён лхагва гарагт Панмүнжом тосгонд зочилж, Солонгос хоорондын хэлэлцээрүүдийг биелүүлэхийг БНАСАУ-д уриалжээ.


Өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөснөөс хойш хоёр Солонгосын харилцаа зогсонги байдалд орсон юм. 


Мөн БНАСАУ Пёньяны эсрэг ухуулах хуудас тараасан явдлыг эсэргүүцэн Солонгос хоорондын харилцаа холбооны шугамыг тасалж, хоёр Солонгосын холбоо тогтоох байрыг дэлбэлснээс хойш хоёр талын харилцаа улам хөржээ. 

Холбоотой мэдээ