ХӨСҮТ-д коронавирусээр халдварласан 11 хүн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-23 11:33:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-22-ны өдөр буюу сүүлийн хоёр өдөр нийт 1 406 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.


Тухайн иргэн энэ сарын 17-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 53 настай эмэгтэй бөгөөд давтан шинжилгээгээр халдвартай гарчээ.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавирусний 313 тохиолдол бүртгэгдсэнээс 302 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор 11 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна. Тэдний 9 нь биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна.


Хоёр өдрийн шинжилгээг задалж танилцуулбал, энэ сарын 8-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний давтан шинжилгээ, энэ сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 186 хүний шинжилгээ, энэ сарын 4-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 207 хүний давтан шинжилгээ, сайн дураар шинжилгээ өгсөн 99 хүний сорьц, тандалтын зорилгоор цуглуулсан 8 сорьц, Дорноговь аймагт тусгаарлан ажиглах байранд байсан 236 хүний давтан шинжилгээ, Дорнод аймагт тусгаарлагдсан 31 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан 34 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 79 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 140 хүн болон үүрэг гүйцэтгэсэн 38 эмч, ажилчид, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочийн шинжилгээ тус тус багтаж байна.

Холбоотой мэдээ