Адуучин тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-29 14:38:11

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн мянгат малчин Л.Батдэлгэр ах дүү хамаатан садан, нутаг усныхаа малчидтай хамтран “Адуучин-2020” тэмцээнийг нутагтаа зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 23 адуучин залуус авхаалж самбаа, эрийн хийморийг үзүүлэн оролцсон бөгөөд нутгийн малчдаас гадна Дундговь, Говьсүмбэр аймгаас адуучид ирж оролцжээ. Ташуур шүүрэх, морьтой уургалах, явган уургалах тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын малчин Т.Түвшин-Эрдэнэ долоон оноогоор тэргүүлсэн бол Дундговь аймгийн Баянжаргалан сумын адуучин Энх-Отгон хоёрдугаар байрт, Говьсүмбэр аймгийн адуучин О.Ням гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Адуучид бооцоо тавьж өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрыг “Амьжиргаа цагаан” нэртэй авто машин, дэд байрыг мотоцикл, гутгаар байрыг хурдан удмын адуугаар шагнажээ.

Ташрамд дурдахад  тэмцээнийг зохион байгуулсан Эрдэнэ сумын Цагаан Хөтөл багийн малчин Л.Батдэлгэр 2019 онд  1000 гаруй адуу тоолуулж сумандаа адууныхаа тоогоор тэргүүлсэн байна.  

Холбоотой мэдээ