ДЭМБ: Цар тахалтай тэмцэх Монгол Улсын стратегийн үндэс нь эв нэгдэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-03 15:49:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахал гарснаас хойш Монгол Улсад зөвхөн зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдэж, нас барсан тохиолдол гараагүйг Монгол Улс “COVID-19”- халдвартай тэмцэж буй туршлага, хариу арга хэмжээний талаар ДЭМБ-ын бүтээсэн баримтат кинонд онцолжээ. 

Тус киног ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын болон ЭМЯ-ны цахим хуудсаар өчигдөр манай улсад цацсан юм. 


"COVID-19: Монгол Улсын хариу арга хэмжээ" хэмээх энэхүү богино хэмжээний баримтат кинонд шинэ коронавирусний халдвартай тэмцэж байгаа Монгол Улсын туршлагыг үзүүлэв. Кинонд, "COVID-19"-тэй тэмцэх Монгол Улсын стратегийн үндэс нь эв нэгдэл, урьдчилсан сэргийлэх эрт үеийн ажил, салбар хоорондын уялдаа, түншлэл, үр дүнгээ тасралтгүй сайжруулах чадвар юм" гэдгийг товч дүгнэн дурджээ. 


Кинонд тухайн үеийн болон одоо ч халдвартай тэмцэх гал голомтод ажиллаж буй удирдлагуудын яриаг оруулжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, "Монгол Улсын хүн ам, иргэд төр, засгийн шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлж, эв нэгдэлтэй байсны үр дүн нь өнөөдрийн нөхцөл байдал, тэр дундаа хүн амын дунд халдвар гараагүй, гарахгүй байгаад нөлөөлсөн чухал үйл ажиллагаа болсон"-ыг кинонд онцолжээ. 




Тэрээр цааш нь хэлэхдээ, "Бид урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажилласан. Ялангуяа нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ард иргэддээ халдварын талаарх мэдээллийг маш сайн өгсөн гэж үзэж буй. Ингэснээр иргэд бүгд амны хаалт зүүдэг болсон. Гараа ариутгадаг болсон. Гараа маш сайн угааж байсан. Үгүйдээ гэхэд л дундаа иддэг байсан хоолыг тус тусдаа идэж, зай барьдаг болсон" гээд ДЭМБ-аас өгч байгаа заавар зөвлөгөөг манай монголчууд үнэхээр сайн, нэг хүн шиг дагаж мөрдөн биелүүлж байсан гэв. Нэг ёсондоо  "COVID-19"-ийн халдвар нь сүүлийн 10-аад жилийн хугацаанд бий болгосон тогтолцооны бэлэн байдлыг бодит амьдрал дээр шалгасан гэдгийг тэрбээр тодотгож байв. 




SARS болон H1 N1-ийн цар тахал, бусад дэгдэлтийн туршлага, сургамжид үндэслэн аливаа гамшиг, ноцтой байдалд бэлэн байдлыг хангах салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааны тогтолцоог бэхжүүлсээр ирснийг тэрээр кинонд тэмдэглэжээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, "Хамгийн тогтмол тохиолддог гамшиг бол эрүүл мэндийн салбарт байдаг. Энэ нь жил бүр хувиран орж ирж байгаа улирлын томуугийн вирус юм. 2009 оноос хойш 10 жилийн хугацаанд чамгүй бэлтгэл хийсэн. ДЭМБ-ын тусламж, дэмжлэг маш их орж ирсэн" гэдгийг мөн кинонд тэмдэглэн хэлж байна. 


Монгол Улсад 2020 оны 3 дугаар сарын 10-нд "COVID-19" зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол бүртгэгдэж байв. Үүнээс хойш Монгол Улс халдварыг эрт илрүүлэх, тусгаарлах, дотоодод тархахаас сэргийлэх ажлыг ханган, 21 мянган иргэнийг гадаадаас татан аваад байгааг кинонд өгүүлжээ. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Монгол Улсын хилийг даваад орж ирсэн мөчөөс эхлэн "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх хяналтын арга хэмжээг чанд барин ажиллаж ирсэн"-ийг кинонд цохон тэмдэглэж байна.




Тэрээр 2020 оны 5 дугаар сарын эхээр Монгол Улс "COVID-19"-ийн эсрэг хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлэх үндэсний хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулсныг дурдаад, "Энэ дадлага сургуулийн явцад олон чиг үүрэг хэрэгжих ёстой юм байна, шинэ коронавирус бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш юм байна гэдгийг монголчууд бид ойлгож мэдэрсэн" гэдгийг хэлж байна.


Монгол Улсын Шадар сайдын "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа хэлэхдээ, "ДЭМБ энэ чиглэлээр Монгол Улсыг дэмжин, урьдчилан бэлтгэл хангасан, салбар хооронд, бие биедээ мэдээлэл хэрхэн солилцох, нөөцийн удирдлагыг яаж зохион байгуулах, хүн хүчээ ямар түвшинд аль чиглэлд, ямар багаар ажиллуулах зэргээр бэлтгэж чадсаны үр дүнд Монгол Улс дотооддоо нэг ч халдвар гаргаагүй"-г тэмдэглэн хэлжээ. 

Энэ талаар одоогийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "Онц ноцтой байдлын үед бэлэн байдлаа хангаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, ямар ч тохиолдолд бид техник, тоног төхөөрөмжийн хувьд, салбарын тогтолцооны хувьд бэлэн байх нь туйлын чухал байна" гэдгийг хэлж байна. 

Кинонд Монгол Улс "COVID-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн үйл явдлын тоймоос үзүүлэхдээ, 

  • Монгол Улсын ЭМЯ 2020 оны 1 дүгээр сарын 3-нд БНХАУ-д бүртгэгдсэн, шалтгаан нь тодорхой бус уушигны хатгалгаа өвчний талаар эхний мэдээллийг авсан,
  • Монгол Улсын УОК-ын зөвлөмжид тулгуурлан Монгол Улсын Засгийн газар мөн оны 1 дүгээр сарын 24-нөөс шийдэмгий арга хэмжээ авч эхэлснийг хураангуйлан өгүүлжээ.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, "Шуурхай штабт 21 аймаг, яам, агентлаг, ТББ-уудын төлөөлөл багтсан 70 орчим албан хаагч ажиллаж байна. Анх удаа Монгол Улсад ийм том хэмжээний бүрэлдэхүүнтэй штабыг байгуулж байна. 72 цагийн дотор Монгол Улс шинэ коронавирусний халдвартай тэмцэх стратеги, бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулж, бүх төлөвлөлтийн бичиг баримт, бэлэн байдлыг хангахтай холбоотой ажлыг хийж ирсэн"-ийг кинонд дурджээ. 




Монгол Улс 2003 оны SARS, 2009 оны H1N1 томуугийн цар тахлаас хойш бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, ирээдүйг харсан том ажлыг эхлүүлж, ДЭМБ-тай хамтран ажиллаж байна. Коронавируст халдвар (COVID-19) нь улс орны бэлэн байдлын тогтолцоог бодит амьдрал дээр шалгасаар байна. Коронавируст халдвартай тэмцэж байгаа Монгол Улсын туршлагаас энэхүү богино хэмжээний баримтат кинонд үзүүлжээ.

Холбоотой мэдээ