Орос хэлний бүсийн олимпиадад шалгарч ОХУ-д мэргэжил дээшлүүлэх, суралцах эрхээр шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-09 09:12:55

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймаг ОХУ-ын Эрхүү хотын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн амралтын өдөр орос хэлний хэрэглээ, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Оросын шинжлэх ухааны соёлын төвтэй хамтран зүүн бүсийн аймгуудын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн тэмцээн зохион байгууллаа.

Тус тэмцээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн төлөөлөл оролцсон юм. "Шилдэг багш"-ийг шалгаруулах олимпиадад Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн багш Д.Шижиртуяа Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн багш С.Удвал, Замын-Үүдийн нэгдүгээр сургуулийн багш Б.Нарантуяа нар амжилттай оролцож бусдыгаа манлайлан ОХУ-д мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнуулсан.  

Харин Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Анужин Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Номинзаяа, 12б ангийн сурагч Х.Хонгорзул нар амжилттай оролцож ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуульд 60 сая төгрөгийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулжээ.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй олон талт үйл ажиллагааг тусгасан санамж бичгийн дагуу АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь Анагаах ухааны их сургууль, Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд орос хэлний иж бүрэн кабинетыг нээсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирал Амгалан Базархандаев болон бусад зочид төлөөлөгчид оролцлоо.

Үүнээс гадна Оросын шинжлэх ухааны соёлын төвөөс сурагч, багш, бага насны хүүхэд, анагаахын оюутнуудад тус бүр 2600 долларын үнэ бүхий ном бэлэглэв.



Холбоотой мэдээ