Газрын тосны үнэ 60 ам.доллароос давна гэж таамаглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-12-15 16:53:36

МОСКВА. /TASS/. Дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт буурч, хомсдол үүсэж болзошгүй байгаатай холбоотойгоор 2021 оны эцэс гэхэд нэг торх нефтийн үнэ 62 ам.доллар болж өсөж магадгүй байна. Ийм таамгийг  “Saxo Bank”- ны шинжээчид дэвшүүлжээ.


“Brent” маркийн газрын тосны үнэ саяхан нэг торх нь 50 ам.доллароос дээшилж өссөн бөгөөд 2021 онд ч өссөх төлөвтэй байна гэж Saxo Bank”-ны Түүхий эдийн зах зээлийн стратегийн албаны дарга Оле Хансен үзэж байна. Ялангуяа улс орнуудад коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг өргөн хүрээнд эхлүүлж магадгүй байгаа 2021 оны хоёрдугаар хагаст ихээхэн өсөж магадгүй байна. Хэрэв вакцинжуулалт үр дүнтэй байвал газрын тосны эрэлт 2020 онд хүлээгдэж байсанчлан хоногт 100 сая торхыг давна гэж таамаглаж байгаа аж.


“Дэлхий нийт цар тахлаас учирсан хохирлыг нөхөж эхлэх үед бүгд газрын тосны үйлдвэрлэлийн чадавхид аажмаар анхаарлаа хандуулж эхлэх бол газрын тосны компаниуд олборлолтод оруулсан хөрөнгө оруулалтаа дор хаяж 80 тэрбум ам.доллароор бууруулснаа санаж эхэлнэ. Хомсдол үүсэж болзошгүй бөгөөд энэ нь 2021 оны эцэс гэхэд хэрэглээг нэмэгдүүлж магадгүй” гэж шинжээч анхааруулж байна. “Saxo Bank”-ны шинжээчдийн тооцоолсноор, ирэх оны эцэс гэхэд “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 62 ам.доллар болж өсөж магадгүй байна.


Түүнчлэн вакцины талаарх өөдрөг үзэл ирэх оны эхээр зах зээлийг дэмжинэ гэж Хансен ярилаа. "Гэхдээ энэ хугацаанд бодит байдал дээр хэрэглээ өсөхгүй тул үнэ тогтворжих боломжтой" гэж тэрбээр тайлбарлав. 2021 оны эхний улиралд нэг торх “Brent” маркийн газрын тос 50 орчим ам.долларын түвшинд арилжаалагдана гэж “Saxo Bank”-ний шинжээчид үзэж байгаа аж


Холбоотой мэдээ