БНХАУ-ын нүүрсний импортын хориг ДХБ-ын дүрэм журмыг зөрчинө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-15 17:38:09

КАНБЕРРА. /Bloomberg/. БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавих нь Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ дүрэм журмуудыг зөрчинө гэж Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр мэдэгдлээ.


Австралийн нүүрсийг тээвэрлэсэн 50 гаруй усан онгоц 10 дугаар сараас хойш Хятадын боомтууд дээр гацаад байгаа юм. Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлтийн хороо бямба гарагт Австралиас бусад орны импортын нүүрсийг хязгаарлалтгүйгээр авахыг цахилгаан станцуудад зөвшөөрсөн гэж “Global Times” сонинд мэдээлсэн байна.


“Энэхүү мэдээлэл үнэн зөв болох нь батлагдвал уг хориг Хятад, Австралийн хооронд 2015 онд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг мөн зөрчихийн сацуу хоёр талын худалдааны харилцаанд сөрөг үр дагавар авчирна” гэж С.Моррисон сэтгүүлчдэд мэдээлжээ.


Австрали 2018 онд үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг харгалзан “Huawei” компанийн төхөөрөмжийг “5G” сүлжээний бүтээн байгуулалтдаа ашиглахгүй байх шийдвэр гаргаснаас хойш хоёр талын харилцааны эрч саарч, энэ онд С.Моррисоны засаг захиргаа коронавирусний гарал үүслийг бие даан мөрдөн шалгахыг уриалсан нь нөхцөл байдлыг улам даамжруулсан байна. 

Холбоотой мэдээ