“Amazon”-ы гарааны компани робот такси үзүүлэв

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-12-16 15:07:26

ФОСТЕР. /Engadget/. Америкийн “Amazon” компанийн эзэмшдэг “Zoox” стартап хотын орчинд жолоочгүйгээр хөдөлгөөнд оролцож чаддаг автомашиныхаа загварыг танилцуулжээ.


Уг машин нь дөрвөн зорчигчийн суудалтай, цэнэглэдэг хоёр батарейтай, нэг удаагийн цэнэглэлтээр 16 хүртэлх цаг явж чаддаг байна. Робот такси нь 3.63 метр урт авсаархан хэмжээтэй ч цагт 120 км хүртэл хурдлах чадвартай гэнэ. 



Энэхүү “ухаалаг” машин нь бүрэн автоматажсан. Машины бүхээгт жолоочийн суудал, тэр байтугай жолооны хүрд, дөрөө, арын толь байхгүй бөгөөд орон зайд зүг чигээ олоход нь тусалдаг камер, мэдрэгч, лазерын эхолокатруудыг суурилуулжээ. Тэнхлэг бүр дээрх цахилгаан моторын ачаар эргэхгүйгээр хүссэн зүг рүүгээ хөдөлж чаддаг, өөрөөр хэлбэл "урд" эсвэл "арын" хэсэг гэж байхгүй аж. Түүнчлэн хоёр чиглэлийн хөдөлгөөнд тусгайлан зориулсан хамгаалалтын дэрээр тоногложээ.


“Zoox” компани робот таксигаа Лас-Вегас, Сан-Франциско, Фостер хотуудад, мөн Калифорни муж улсад хэдийнээ туршиж эхэлсэн байна. Тус компани “Uber”, “Lyft”-ын хавсралтуудыг ашиглахаар төлөвлөж байгаа боловч 2022 оноос нааш үйлчилгээ үзүүлэхгүй аж.

Холбоотой мэдээ