Эмэгтэйчүүдийн ажиллах эрхийн конвенцын хэрэгжилтийг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-05 17:13:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн судалгааг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр цахимаар боллоо.

Судалгаагаар Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангахад бодлого тодорхойлогч нар хангалтгүй ойлголттой байгаагаас хэрэгжилтийн уялдаа холбоо, хариуцлага тооцох механизм сул гэсэн дүгнэлт гарчээ. Үүнийг өнөөдрийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлгээр хөндөн НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай бодлого, үйл ажиллагааны зөвлөмж боловсруулсныг танилцууллаа.


Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо бусад ТББ-уудтай хамтран Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийн талаарх тайлангийн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” дэд хэсгийг хариуцан ажилласан байна. Үүний хүрээнд сүүлийн 5 жил баримт бичгийн болон хөдөө орон нутаг, сум аймаг, нийслэлийн түвшинд чанарын судалгаа явуулж баримтжуулснаа мөн танилцуулав. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон холбогдох албан тушаалтан, ХХААХҮЯ, тус яамны ЖДҮ-ийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Цахим хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, олон улсын туршлагыг хөндөв.



Холбоотой мэдээ