Европын орнууд “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-19 10:02:30

БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Эмийн агентлаг “Oxford-AstraZeneca”-гийн вакциныг “аюулгүй, үр дүнтэй” гэж үнэлсэнтэй холбогдуулан Европын Холбооны /ЕХ/ хэд хэдэн орон уг вакцинаар дархлаажуулах аянаа дахин эхлүүлэхээр боллоо.


Европын 13 орон цусны бүлэгнэл үүсгэж болзошгүй байгааг нь харгалзан “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхээ түр зогсоосны дараа Эмийн агентлаг уг вакцинд үнэлгээ хийсэн юм.


Эмийн агентлаг вакциныг ийнхүү аюулгүй гэж дүгнэсний дараа Герман, Франц, Итали, Испани үргэлжлүүлэн хэрэглэнэ гэдгээ мэдэгджээ.


ЕХ-ны орнууд “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэх эсэх, вакцинжуулалтыг хэзээнээс эхлүүлэхээ бие даан шийдвэрлэх юм. Тухайлбал, Шведийн хувьд “хэдэн хоногийн дараа” шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдсэн байна.   


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ уг вакциныг үргэлжлүүлэн хэрэглэхийг улс орнуудад пүрэв гарагт уриалаад, вакцины аюулгүй байдлын талаарх үнэлгээний дүнгээ баасан гарагт танилцуулна гэж мэдэгджээ. ДЭМБ-ын шинжээчид цусны бүлэгнэл үүссэн цөөн тохиолдлуудыг голчлон судалжээ. 

Холбоотой мэдээ