Баячуудын татварыг нэмснээр цар тахлаас үүдэлтэй “шархыг нөхнө”

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-05-05 18:06:51

Коронавирусний цар тахал намжаагүй байхад хөрөнгө мөнгө хэдийнэ дуусчээ. Хөл хорионы улмаас татвар төлөгчид олон их наяд ам.долларын хохирол амслаа. Энэ хохирлыг хэн нөхөх вэ? Энэ талаар ВВС агентлагийн эдийн засгийн тоймч А.Калмыков сонирхолтой нийтлэл бичсэнийг толилуулъя.


Цар тахлын үеэр баяжсан хүмүүс энэ мөнгийг төлөх ёстой, энэ бол шударга хэрэг гэж Барууны улстөрчид, эдийн засагчид үзэж байна. Чинээлэг иргэд ба ашигтай бизнес эрхэлж буй компаниудад ногдуулж буй татварыг өсгөх нь нэг сумаар хоёр туулай буудахтай адил боломжийг олгоно гэж тэд найдаж байгаа аж. Ингэснээр улсын сан хөмрөгт бий болсон асар том нүхийг бөглөөд зогсохгүй улам нэмэгдсээр буй баян ядуугийн ялгааг багасгана гэсэн үг. 

Нью-Йоркийн баячууд цар тахлын үеэр


Мөнгөөр бахархдаг боловч түүнээсээ бусадтай хуваалцах дургүй, капитализмын түшиг тулгуур болсон АНУ-д хүртэл нийгмийн шударга ёсны талаар яриад эхэлжээ. Америкийн бүх баялгийн 30 гаруй хувийг эзэмшиж буй хүн амын 1 хувь нь болох чинээлэг америкчууд татвараа шударга зохистой хэмжээгээр төлж эхлэх хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үзэж байна. Тэрбээр нийгмийн халамжийн зардлыг нэмэгдүүлэхийн тулд татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө Конгресст танилцуулсан юм. Одоогийн байдлаар, Америкийн хүн амын хамгийн ядуу 50 хувь нь баялгийн ердөө 2-хон хувийг эзэмшиж байна.


Баячуудад ногдуулах татварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн санааг Ромын Пап Франциск, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар мөн илэрхийлсэн байна. А.Гутерриш хэлэхдээ “Сүүлийн нэг жилийн дотор дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн хөрөнгийн хэмжээ 5 их наяд ам.доллароор өссөн” -ийг дурдаад "цар тахлын үеэр баяжиж хөлжсөн хүмүүст татвар ногдуулах, үүнээс олсон мөнгийг нийгмийн тэгш бус байдлыг арилгахад зориулах талаар бодож үзэхийг бүх улсын эрх баригчдад” уриалжээ.

 

Халаасаа уудалж, бусдад илүүчлэхээс аргагүй байдалд баян иргэдийг хүргэе гэдэг бол шинэ санаа биш ээ. Харин одоо энэ санааг ядаж хэсэгчилсэн байдлаар ч гэсэн хэрэгжүүлэх боломж гарч ирээд байна. Үүнд хоёр үндсэн шалтгаан бий.   


Дайны үед дайны хуулиар  


Нэгдүгээрт, цар тахал нь дэлхийн сүүлчийн дайнаас хойш үзэгдээгүй их хэмжээний зардал сүйтгэлийг гаргахад хүргэсэн. Цаг үе бараг л дайны үеийнх байгаа учраас онцгой арга хэмжээ авахад илүү дөхөм.


Дэлхийн улс орнууд хүн ам ба бизнесээ дэмжихийн тулд 8 их наяд гаруй ам.долларыг аль хэдийнэ зарцуулчихаад байна. Энэ бол нэг жилд бий болгож буй дэлхийн ДНБ-ний 10 хувь гэсэн үг. Зардал өсөхийн сацуу орлого буурсаар. Ирэх 5 жилийн хугацаанд дэлхий даяар 22 их наяд ам.доллар дутагдана гэсэн тооцоог Олон улсын валютын сан /ОУВС/ хийжээ. Үүнээс шалтгаалан ирээдүй хойч үеэсээ мөнгө зээлэхээс аргагүйд хүрэх бөгөөд дайнаас хойш анх удаа дэлхий даяарх өрийн хэмжээ дэлхийн ДНБ-ний 100 хувьд дөхөж ирлээ. 


Гэхдээ цар тахлын улмаас бүх хүн хохироогүй. Хүн амын ихэнхийг бүрдүүлж буй цалингаараа амьдардаг, жижиг бизнес эрхэлдэг хүмүүс ядуурсан бол баян чинээлэг цөөн хүмүүс санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө оруулснаар улам баяжлаа.


Цар тахлын нэг жилийн хугацаанд Форбес сэтгүүлийн жагсаалт 17 цаг тутамд нэг тэрбумтнаар нэмэгдсээр тэрбумтнуудын тоо 2755-д хүрчээ. Тэдний хөрөнгө баялаг 8 их наядаас 13 их наяд ам.долларт хүртлээ зузаарлаа. 

Илон Маскийн хөрөнгө 25 тэрбум доллар байснаа 170 тэрбумд хүрчээ 


Яг ийм дүр зураг бизнесийн салбарт бий болжээ. Зоогийн газрын болон агаарын тээврийн компаниуд нугарч бөхийж байхад технологийн аварга том компаниуд, интернэт дэлгүүрүүд, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид олсон хэт өндөр ашиг олсноо тооцоолж ч амжихгүй болтлоо баяжжээ.


Цар тахал гэх мэт онцгой байдал намжсаны дараа тухайн үед хямраагүй төдийгүй ашиг олсон хувь хүмүүс, компаниудаас нэмэлт татвар авч байсан жишээ түүхэнд олон бий. Тухайлбал, хоёр Герман нэгдсэний дараа ХБНГУ-д, 2011 оны үерийн дараа Австралид, 2013 оны газар хөдлөлтийн дараа Японд орлогын албан татварыг түр хугацаанд нэмэгдүүлж байжээ. Түүнчлэн дэлхийн I ба II дайны үеэр АНУ, Их Британийн компаниудын олж байсан хэт их ашигт татвар ногдуулж байв.


Татварын диваажинг нураах нь


Баячууд ба компаниудаар цар тахлын хохирлыг нөхүүлье гэсэн санаа нь амжилт олох боломжтой гэдгийг харуулсан хоёр дахь шалтгаан гэвэл, АНУ-д төр засаг солигдсон явдал юм.


Ардчилсан намынхан Цагаан ордон ба Сенатыг бүгд найрамдахчуудаас эргүүлэн авсныхаа дараа цаг хугацаа алдахыг хүссэнгүй. 100 хоног ч өнгөрөөгүй байхад тэд нийгэмд бугшсан тэгш бус байдлын асуудлыг улс орон дотроо төдийгүй дэлхий даяар шийдэхийн тулд хоёр том алхам хийлээ. 


Эхний алхам бол компаниудын ашигт ногдуулах татварын тогтолцоог дэлхийн хэмжээнд шинэчлэхэд чиглэжээ. Үүнийг ялангуяа Европын орнууд маш шаргуу шаардаж байгаа юм. Америкийн технологийн акулууд болох Amazon, Facebook, Google компаниуд өөрсдийнх нь зах зээлд нэвтэрч, асар их ашиг олсныхоо дараа бусад улсад хөнгөлөлттэй нөхцлөөр татвараа төлж байгаад европчууд илт дургүйцэж байна.

"Apple, татвараа төл!" 2018 онд Францад болсон жагсаалын үеэр 


Энэ асуудлыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ гишүүн баян улсуудын хүрээнд иж бүрнээр шийдье гэсэн санаачилгуудыг Д.Трамп дэмжээгүй юм. Технологийн аваргуудад орлого олох боломжийг өгдөг, татвар багатай Ирланд, Кипр, Нидерланд гэх мэт Европын Холбооны /ЕХ/ гишүүн жижиг улсууд уг саналыг дэмжсэнгүй. Үүний дараа Франц, Их Британи хоёр зөвшилцөлд хүрэхийг хүлээлгүйгээр дангаараа татвар ногдуулна гэж сүрдүүлснээр Барууны ертөнцөд худалдааны дайн дэгдэх аюул нүүрлэлээ.


Харин Трамп ялагдаж, Байден Цагаан ордонд ирлээ. АНУ-ын Сангийн сайд Жанет Йелсен “ашиг олсон улс орондоо ашгийн татвар төлөх үүргийг компаниудад өгөх, татварын доод хэмжээг 21 хувиар тогтоох” саналыг дэвшүүлжээ. Үүнд урамшин зоригжсон Европын Холбооны том улсууд бусад гишүүн орнууддаа хандан “хориг тавих хэрэггүй, олсон орлогоо хүнд бэрх цаг үед нийтийн сайн сайхны төлөө зарцуулъя” гэж ятгах болов. Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны хамгийн том хоёр улс болох Герман, Францын Сангийн сайд нар хамтран ярилцлага өгөх үеэрээ АНУ-ын саналыг дэмжлээ. 


Хүн рүү хандсан капиталист нийгэм  


Баян ядуугийн ялгааг багасгах талаар Байдены засаг захиргааны авсан хоёр дахь арга хэмжээ нь бүр ч илүү радикал шинжтэй байна. Лхагва гарагт Байден баячуудад ногдуулах татварыг нэмэгдүүлэх саналыг Конгресст хандан тавив. Энэ бол Рональд Рейганы үеэс давамгайлсаар ирсэн “чадах нь баяжиг, харин бусдад нь тэдний баялгаас хэлтэрхий ч гэсэн заавал олдоно” гэсэн үзэл санаанаас татгалзаж, эдийн засгийн загварыг бүхэлд нь өөрчлөх тухай санал юм. “Ийм загвар тохирохгүй” гэдгийг Байден хэлээд, 2017 онд Д.Трамп компаниудад ногдуулах татварыг бууруулсныг сануулан дурдлаа.


“Хэмнэсэн мөнгөө цалин нэмэгдүүлэхэд зарцуулах, шинэ технологи, хөгжилд оруулахын оронд корпорациуд хамаг мөнгөө захирлуудынхаа халаасанд чихчихсэн байна. Цар тахал дэгдэх үед байдал улам муудсан. 20 сая америкчууд, ажилчин анги, дундаж давхаргынхан ажилгүй боллоо. Гэтэл 650 тэрбумтны хөрөнгө 1 их наяд ам.доллароор өссөн” гэдгийг Байден шүүмжилжээ.


Байдены саналуудыг шүүмжилсээр байгаа боловч эдгээр санал бол социализмаас хамаагүй хол хөндий зүйл юм. Тэрбээр баячуудад ногдуулах татварыг бага Бушын үеийнхтэй ижил болгохыг Конгрессоос хүсэж байгаа бөгөөд татварын өсөлт нь хүн амын тун өчүүхэн хэсгийг хамарна гэдгийг хэлж байгаа. Компанийн ашигт ногдуулах татварыг нэмэгдүүлэх хэмжээ нь Трампын үед бууруулсан хэмжээг нөхөхгүй бөгөөд нэмэгдлээ ч гэсэн сүүлийн 40 гаруй жилийн хугацааныхаас ч бага хэвээр байх болно.


Татвар нэмэх замаар цуглуулсан мөнгийг Америкийн гэр бүлүүдийг дэмжихэд чиглэсэн 1,8 их наяд ам.долларын хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулахыг Байден санал болгож байгаа юм. Энэ хөтөлбөр нь хүүхдийн цэцэрлэг, коллежүүдийг үнэгүй болгох, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг хөнгөлөлттэй болгох зэргээр хүн амын хамгийн ядуу эмзэг хэсгийн орлогыг нэмэгдүүлэх, үндэсний баялгийн өсөлтийн өмнөх үед эргэн орохын тулд хүмүүсийг эдийн засгийн амьдралд татан оруулах зорилготой гэдгийг тэрбээр онцолдог.

АНУ-ын Балтимор хотын ядуусын хороололд 



Гэвч ерөнхийлөгч ердөө л санал дэвшүүлэх эрхтэй ба Конгресс хуулийг батална. Үүнд хэдэн сарын хугацаа орох бөгөөд хууль тогтоогчдоор дамжиж батлагдлаа ч гэсэн явцын дунд уг төлөвлөгөө “тун даруухан” болж хувирах нь гарцаагүй. Яг 10 жилийн өмнө буюу 2011 оны 4 дүгээр сард Барак Обама ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн юм.


Харин одоо Ардчилсан намынхан Конгрессын хоёр танхимыг хоёуланг нь хянаж байгаа учраас Байденд илүү боломж бий. Гэхдээ АН-ын давуу байдал нь тун ялихгүй бөгөөд дээр нь тус намыг дэмжигч чинээлэг иргэд амьдардаг Калифорни гэх мэт муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн-ардчилагчид өөрсдийн сонгогчдод өндөр татвар ногдуулахыг эрс эсэргүүцэж таарна.


Одоо төлөх үү эсвэл хожим төлөх үү


Эдийн засагчдын дэвшүүлж буй тун таагүй сэрэмжлэгүүд нь улстөрчдийг эрс шинэчлэл хийхэд хүргэж магадгүй. Энэ бол бусдыг хайрлах энэрэх гэсэн ойлголт бус харин элитүүдэд илүү ажиглагддаг өөрийгөө хамгаалах зөн совинтой холбоотой асуудал юм. Цар тахал нь нийгэм дэх тэгш бус байдлыг улам гааруулж, үймээн самуунд хүргэж мэдэх үр дагвартай бөгөөд ингэсэн тохиолдолд цаашдаа хөрөнгө хуримтлуулах, түүнийгээ хадгалах нь асуудалтай болж мэднэ гэдгийг эрдэмтэд сануулжээ.


Цар тахалд нэрвэгдсэн хүмүүс баялгийг дахин хуваарилахыг эрх баригчдаас шаардах болно. Хэрвээ тэднийг сонсохгүй бол төр засагт итгэх итгэл нь алдарна” гэж ОУВС-гийн эдийн засагчид бичиж байна.


Зовж зүдэрсэн хүмүүс бус харин баячууд болон том бизнесийнхэн төрийн дэмжлэгийг хүртсэн гэсэн бодол хямралын дараа ард иргэдэд төрөх аваас дургүйцэл, олныг хамарсан үймээн гарах эрсдэл бий. Гэхдээ цар тахлын үеэр болон дараа нь хүмүүс эсэргүүцлийн ажиллагаанд оролцохыг төдийлөн эрмэлзэхгүй учраас энэ бол урт хугацаанд гарах үр дагавар” гэдгийг саяхны нэгэн судалгааг зохион байгуулсан хүмүүс хэлж байна. Тэд 130 улсад иргэдийн эсэргүүцлийн ажиллагаа ба цар тахлын хооронд ямар харилцаа хамаарал байгааг судалжээ.   


“Хүмүүнлэгийн хямрал нь харилцаа холбоо, тээврийн салбарыг саатал тасалдалд оруулдаг учраас эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулахад хүндрэл учирдаг. Түүнээс гадна, хүнд бэрх цаг үед нийгэм илүү эв нэгдэлтэй болдог нь түгээмэл. Зарим үед улс төрийн дэглэмүүд өөрсдийн засаглалыг бэхжүүлж, өөр үзэл бодлыг нухчин дарахын тулд хямралыг ашигладаг” гэж судлаачид ярилаа.


“Ковид-19-ийн цар тахал нь одоохондоо түүхийн ийм нөхцөл байдалд хамаарч байна. Олон нийтийн эсэргүүцлийн ажиллагааны тоо сүүлийн 5 жилийн хамгийн бага хэмжээнд хүртлээ буурсан. Гэхдээ ирээдүйг харвал, урт хугацаандаа олон нийтийн бухимдал үүсэх эрсдэл нэмэгдэнэ” гэж судалгаанд дүгнэжээ.


Б.Адъяа

Эх сурвалж: www.bbc.com/56936128

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ