43 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх шинэ таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэв
ТОЙМ
УЛААНБААТАР, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Японы түүхэнд эмэгтэй хүн анх удаа Ерөнхий сайдаар томилогдсон, Оросын газрын тосны хамгийн том хоёр компани болох “Роснефть” ба “Лукойл”-д АНУ хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн, 2026-2030 он хүртэлх Хятадын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох төлөвлөгөөг Коммунист намын Төв хорооны хурлаар хэлэлцсэн зэрэг үйл явдлууд өнгөрч буй долоо хоногт өрнөлөө. Ингээд гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх шинэ таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэв
Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн сонгуулийн Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хурал 10 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Тус хурлаар 2026-2030 оны "15 дугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах зөвлөмж"-ийг баталлаа. Стратегийн энэхүү баримт бичигт БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зарчмууд, зорилго, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж өгдөг.
Одоо БНХАУ-ын Төрийн зөвлөл (засгийн газар) болон холбогдох яамд зөвлөмжийн дагуу ирэх таван жилийн зорилтот үзүүлэлт, төсөл, төсөвтэй салбаруудын хөтөлбөрүүдийг боловсруулж эхэлнэ. Төлөвлөгөөний эцсийн бөгөөд дэлгэрэнгүй хувилбарыг 2026 оны гуравдугаар сард болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар батална.
Өмнөх таван жилийн төлөвлөгөөнүүдэд ДНБ-ий өсөлтийг эн тэргүүнд тавьдаг байсан бол шинэ төлөвлөгөөнд үндэсний аюулгүй байдал болон гадаад цочролд тэсвэртэй байдлыг хангахад түлхүү ач холбогдол өгч байна.
Японы түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхий сайд боллоо
Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргаар сонгогдсон Такаичи Санаэ Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй боллоо. Тэрбээр инфляцтай тэмцэх, хиймэл оюун, чип үйлдвэрлэл зэрэг салбарт хөрөнгө оруулах, мөн үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй эдийн засгийн багц арга хэмжээ боловсруулж буйгаа мэдэгдлээ. Түүнчлэн инфляцын дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газар 1970-аад оноос хэрэгжиж байгаа түлш шатахууны “түр” татварыг цуцлахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Үүний дараа Японы хөрөнгийн зах зээл өссөн боловч иений ханш суларлаа. Хатагтай Санаэ мөн Засгийн газар Төв банканд илүү нөлөөтэй байж, бодлогыг "зохицуулах" ёстой гэлээ.
АНУ, Австрали улсууд чухал ашигт малтмалын гэрээ байгууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезетэй Австралийн чухал ашигт малтмал, газрын ховор элементийн ордуудыг ашиглах боломжийг АНУ-д олгох гэрээнд гарын үсэг зурлаа.
Америкийн засаг захиргаа түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас хараат бус болгох арга замыг эрэлхийлж байгаа юм. Хятадын эрх баригчид саяхан газрын ховор элементүүдийн экспортын хяналтыг чангатгасны дараа Д.Трамп тус улсын бараанд 100 хувийн татвар нэмж ногдуулна гэж мэдэгдсэн билээ.
Оросын газрын тосны компаниудад хориг арга хэмжээ авав
Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть”, “Лукойл”-д нэмж хориг арга хэмжээ авна гэдгээ АНУ-ын засаг захиргаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнх нь хугацаа эхэлснээс хойш Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан Орост анх удаа хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна. Д.Трамп мөн Оросын Ерөнхийлөгчтэй Унгарын нийслэл Будапешт хотод хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалсан юм. Украины дайныг зогсоох асуудалд Оросын тал нухацтай хандахгүй байгаа тул хориг арга хэмжээ авч байгаагаа зарлаж байна гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ. Оросын Ерөнхийлөгч В.Путин шинэ хориг арга хэмжээний тухайд хэлэхдээ “Орос, Америкийн харилцаанд хохирол учруулж байна” гэв. Үүний зэрэгцээ тэрбээр хориг арга хэмжээг Оросын эдийн засгийн байдалд онцгой нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгджээ. Харин Трамп хариу мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Путин шинэ хориг Оросын эдийн засагт хүчтэй дарамт учруулахгүй гэж үзэж байгаад “баяртай” байна. Зургаан сарын дараа юу болохыг харцгаая” гэлээ.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Израилд айлчиллаа
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Ерөнхийлөгч Трампын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стив Виткофф, энхийн хэлэлцээр байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Жаред Кушнер нар ХАМАС-тай байгуулсан гал зогсоох гэрээ зөрчигдөхөөс сэргийлэхийн тулд Израилд айлчиллаа. Өнгөрсөн долоо хоногт Израилын арми ХАМАС-ыг цэргүүд рүү нь халдаж хоёр цэргийн аминд хүрсэн гэж буруутгасны дараа гал зогсоох хэлэлцээр зөрчигдөх эрсдэлд орсон юм. Үүний хариуд Израилын тал Газын зурвас дахь ХАМАС-ын хэдэн арван байгууламжид цохилт өгч, хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг 10 дугаар сарын 20-ны өглөөг хүртэл түр зогсоожээ.
Ирэх долоо хоногт болох гол үйл явдлууд:
- Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ орнуудын удирдагчдын 47 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд болно.
- Нидерландын парламентын ээлжит бус сонгууль 10 дугаар сарын 29-нд болно.
- Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалт 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд БНСУ-ын Гёнжү хотод болно.
- Шатрын Дэлхийн цомын 11 дэх удаагийн тэмцээн 10 дугаар сарын 31-нд Энэтхэгийн Гоа хотод эхэлж, 11 дүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар