Тайваниас хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-05-08 16:33:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газраас хүчилтөрөгч өтгөрүүлэгч гурван ширхэг аппарат, амны хаалт зэрэг халдвар хамгааллын хэрэгслийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын харьяа Сэргээн засах үндэсний төвд хандивлав.


Ингэснээр тус төвд эмчлүүлж байгаа 30 иргэнд эмнэлгийн үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй хүргэх боломжтой болов.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн үндэсний газрын харьяа Сэргээн засах үндэсний төвийн захирал Б.Өнөрбилэг хэлсэн үгэндээ “Халдвар авсан өвчтөнүүдийн эмчлилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, амьсгалын гуурс, 2000 ширхэг амны хаалт хандивласанд гүнээ талархаж байна. Сэргээн засах үндэсний төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эмчлэх, нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага. Тиймээс ч коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг хүлээн авч эмчлэх нь томоохон сорилт байлаа” хэмээв.


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс.Ж.Р.Лүө “Монгол Улсад өнгөрсөн онд олон тооны амны хаалт, халдвар хамгааллын хувцас хэрэгсэл хандивласан билээ. Монгол Улсад ажиллаж амьдарч буй Тайвань иргэдийг вакцинжуулахад туслалцаа үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж байна. Тайвань цаашид ч цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлага болон бусад нөөц бололцоогоо хуваалцаж, Монгол Улстай хамтран ажиллана” гэлээ.

Холбоотой мэдээ