Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-29 15:46:08

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах төсөл хэрэгжинэ.

- Энэ төсөл нь “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” нэртэйгээр хэрэгжиж эхэллээ. Тус төсөл дөрвөн аймагт 2021-2028 оны хугацаанд хэрэгжинэ. Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр байгаль орчин, аялал жуулчлалын яам, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. Төслийг байгалийн нөөцөөс хамааралтай амьдарч буй хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг экосистемд түшиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар дээшлүүлэх зорилгын хүрээнд хэрэгжүүлэх юм.

Монгол орон нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг бөгөөд сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.1с-аар нэмэгдсэн байна. Ган, зуд, цасан болон шороон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн давтамж улам бүр нэмэгдэж, уламжлалт мал аж ахуй, малчид, орон нутгийн айл өрхийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Хүн амын 30 хувийг бүрдүүлж байгаа малчид хүрээлэн буй орчин, байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай учир уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөмтгий бөгөөд малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна.

Тиймээс энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжих хамгийн томоохонд тооцогдох төсөл бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг нэг сая орчим орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл төсөл дөрвөн аймгийн 68 суманд хэрэгжинэ. Төслийн хрээнд уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий салбарыг дэмжих бөгөөд дунд болон урт хугацааны төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд суурилсан бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх чадавхыг хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулж бэхжүүлэхээр зорьж буй юм гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ