С.Балжинням: Орон нутагт ХБИ-дэд зориулсан дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн асуудал хангалтгүй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-12-08 16:22:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, тэдэнд хүртээмжтэй орчин нөхцөлийг бий болгох зорилгоор “Бэрх биш ээлтэй” аяныг зохион байгуулсан. Аяны талаар болоод Сүхбаатар аймгийн ХБИ-ийн асуудлаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн С.Балжиннямтай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн өмнө "Бэрх биш ээлтэй" аян нэг сарын хугацаанд үргэлжлээд өндөрлөсөн. Аяны хүрээнд Сүхбаатар аймгийн ХХҮГ-аас ямар үйл ажиллагаанууд зохион байгуулсан бэ?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран сарын хугацаанд олон ажил үйлчилгээг зохион байгууллаа. Цагаан таягтны өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим хэлэлцүүлэг, онлайн дууны уралдаан, олон төрлийн сургалтыг явуулсан. Жишээлбэл, харааны бэрхшээлтэй иргэдэд гэрлэн дохиогоор зорчих орон зайн чиг баримжаа олгох, тусгай хэрэгсэл ашиглалтын сургалт, тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдэд компьютерын сургалт, ХХҮГ, МСҮТ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэнд тогоочийн мэргэжил олгох сургалтыг хийлээ. Мөн тэднийг идэвхжүүлэх үүднээс нэг өдрийн турш олон төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулсан. Холбогдох хүмүүстэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг өөрчлөх хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарах асуудал, түүнийг засах арга замыг хэлэлцэн ярилцлаа. Цаашид мөн төрийн албан байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг албан хаагчдад дохионы хэлний анхан шатны сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

-Сүхбаатар аймгийн хэмжээнд хэчнээн ХБИ байна?

-Сүхбаатар аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар 2212  хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаа шаардлагатай   хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд 221 байна гэсэн судалгаа бий.

-Та ярианы эхэнд олон ажил хийсэн гэж хэллээ. Тэгвэл эдгээр иргэд зохион байгуулж байгаа ажилд хэр оролцдог вэ?

-Яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидний зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох идэвх сул байдаг. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэрийн зүгээс нийгэмд гаргахгүй гэрт нь байлгах хандлагатай холбоотой. Мөн нийгэмд оролцоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц, мэдээллийн хүртээмж хангалтгүй байгаагаас болдог.

-Тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлоох нь аяны нэг зорилго байсан. Тэгвэл энэ зорилгыг аяны хүрээнд биелүүлж чадав уу?

-Манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдэхэд урьд жилүүдийг бодвол ахиц дэвшилтэй талууд бий болж байна. Жишээлбэл, төвийн замуудын уулзварт гэрлэн дуут дохиотой болсон нь харааны бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд оролцоход маш их дэмжлэг болж байгаа. Харааны бэрхшээлтэй иргэн нь гэрлэн дохио асахыг харж чадахгүй бол дуу дуугарахаар зам хөндлөн гарах дохио болж өгдөг гэсэн үг. Мөн явган хүний замын хүртээмжийн асуудлыг сайн шийдвэрлэж байгаа нь тэдэнд маш том дэмжлэг болж байна гэдгийг хэлж байгаа. Хэдийгээр дутагдалтай зүйл байгаа ч бага багаар ийнхүү сайжруулна гэдэгт итгэж байна.  

-Орон нутгийн төр захиргааны зүгээс ХБИ-ийг хэр дэмждэг вэ? Тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу?

-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгааллыг дэмжих дэд хөтөлбөр” баталсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд 10 сая төгрөг төсөвлөсөн. Энэ нь энэ онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын эхлэл болж өгч байна. Ер нь дан ганц хөрөнгө мөнгийг дэмжлэг гэж харахгүй л дээ. Орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын тодорхой хувь нь хөгжлийн бэршхээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байвал энэ өөрөө маш том дэмжлэг юм.

-Тэгвэл таныхаар орон нутагт гол тулгамдаж буй асуудал юу байна?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал гэвэл хөгжлийн бэрхшээл гэдгийг бие эрхтний бэрхшээл тэр бэрхшээлээс болоод нийгэмд оролцох оролцоо, хөдөлмөр эрхлэх чадвар байхгүй гэсэн ойлголт хандлага орон нутагт их байна. Нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ч ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд эрх тэгш оролцож чадна гэсэн ойлголтыг дээшлүүлэх ёстой. Наад зах нь тэргэнцэртэй иргэн гэхэд замын бордюр, барилгын шат гэх мэт орчны саад бэрхшээл байхгүй бол бусдын адил замаар чөлөөтэй зорчиж байвал ажил хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх юм. Мөн иргэд болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсийнх нь ойлголт хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй гэдэг. Уг нь тухайн хүмүүсийг тохирох хэрэглэгдэхүүнээр нь хангаж чадвал хөдөлмөр эрхэлж болно гэсэн үг. Тэгэхээр хаа хаанаа анхаараад, хичээгээд үзвэл боломж бий. Тиймээс ярилцлагын төгсгөлд хандлагаа өөрчилж, хамтдаа хөгжье гэж бүгдийг уриалмаар байна.

-ХБИ-ийн ажил эрхлэлт орон нутагт ямар түвшинд байна?

-Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага 4 хувьд нь буюу 1 хүн ажиллуулах талаар тусгаж өгсөн байдаг. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 25 ба түүнээс дээш ажилтантай 68 аж ахуй нэгж байгууллагад судалгаа хийхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байгаа 54, ажилуулаагүй 14 аж ахуй нэгж байгууллага байна. 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудад 150 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч олон бий. 

-ХХҮГ-аас ХБИ-д зориулан хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, түүний үр дүнг танилцуулаач?

-Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс  2021-2022 онд хэрэгжих 5 төсөл хөтөлбөр баталсан. Үүний нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” юм. Хөтөлбөрийн хүрээнд 5 арга хэмжээг хэрэгжүүлдэг. Жишээлбэл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн, байнгын асаргаатай хүүхдээ асардаг 4 иргэнийг хамруулж 64,0 сая төгрөгийн дэмжлэг олгож, шинээр 27 ажлын байр бий болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан хоёр байгууллагатай ажил олгогчийн урамшууллын гэрээ байгуулсан.

Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж буй 3 иргэнд 3,9  сая төгрөгийн ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Баруун-Урт, Сүхбаатар, Түмэнцогт суманд борлуулалтын цэг нээн ажиллуулж байна. Тус цэгүүдээр нийт 8 хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийт 4,6 сая төгрөгийн борлуулт хийсэн байна.  Энэ бүхэн зөвхөн төлсийн үр дүнд бий болсон зүйлс.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ