Т.Үүрийнтуяа: Нэг хүүхдийг онцлох биш, хүүхэд бүрийн оролцоог тэгш хангадаг байгаасай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-21 21:31:16

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 11В ангийн сурагч Т.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Таны хувьд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа харагддаг. Хэдий үеэс олон нийтийн ажилд оролцох оролцоо нэмэгдэж эхэлсэн бэ?

-Анх 1-р ангиасаа л шүлэг уншиж эхэлсэн. Шүлэг зохиох болон унших маш их дуртай. Ер нь өөрийгөө их багаасаа нээлттэй өсөж хүмүүжсэн гэж боддог. Иймдээ ч одоогоор сурагчдын зөвлөл, номын клубийн гишүүн, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна. Миний хувьд олон нийтийн ажилд зөвхөн чаддаг хүн нь оролцдог гэж боддоггүй, харин харин чадна гэсэн итгэлтэй хүн оролцдог гэж боддог. Чадна гэж бодох л юм бол хүн бүх зүйлийг хийж чаддаг.

-Үеийн тань хүүхдүүдийн идэвх оролцоо хэр байна?

-Манай үеийн хүүхдүүд олон нийтийн үйл ажиллагаанд татагдаж, идэвхтэй оролцдог болсон гэж харж байгаа. Ер нь ангид нэг манлайлдаг сурагч байлаа гэж бодоход түүнийг хэт онцолж хүлээж авч, бүх зүйлд оролцуулах гээд бусдыг нь мартчихаад байдаг сул тал ажиглагдсан. Миний хувьд нэг хүүхдийг онцлох биш, хүүхэд бүрийн оролцоог тэгш хангадаг байгаасай гэж хүсдэг. Иймдээ ч ангийнхаа хүүхэд нэг бүрт хүрч ажиллахыг хичээдэг. Зарим хүүхэд аливаа зүйлсийг бодол дотроо чадна гэж боддог ч олон нийтийн өмнө гарахаас ичиж, санаа зовсондоо хүслээ нуун дарагдуулах гээд байдаг талууд их байдаг. Ангийн дарга, ангийн багш, нийгмийн ажилтан нар сайн байх тусам хүүхэд нэг бүр хөгжих боломжтой гэж бас бодож явдаг.

-Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнээр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Үр дүнд хүрч байсан ажлуудаас хуваалцвал?

-Энэхүү эрхэм хүндтэй үүргийг хүлээж аваад 3 дахь жилтэйгээ золгож байна. Хүүхдийн 16 дугаар чуулганы үеэр охидын хувцас солих өрөөний талаарх асуудал хөндөгдөж байсныг энэхүү зөвлөл холбогдох газруудад уламжилж, өнөөдөр биелэлээ олсон байна. Мөн сэтгэлзүйн хувьд хүүхдүүд маш тогтворгүй байдаг бөгөөд энэ үедээ хэн нэгэнтэй ярилцах, өөрийгөө ойлгуулах хэрэгцээ маш их байдаг. Энэ асуудлыг мөн холбогдох байгууллагуудад уламжилснаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг утсыг ажлуулж эхэлсэн нь сайшаалтай. 

-Өсвөр насны хүүхэд байхдаа хэний үгийг илүү хүлээж авдаг байв?

-Одоогоор миний хувьд өөрөө шилжилтийн насыг туулаад дуусч байна. Тэгэхээр тухайн үеийн эмзэг насан дээрээ хүүхэд эцэг, эхээ гэхээс илүү найз нөхдөө илүү сонсож анхаардаг болдог юм байна лээ. Иймд энэ үед нь эцэг, эхийн хувьд ямар хүүхэдтэй найзалж нөхөрлөж байгаад нь анхаарвал зүйтэй байх гэж боддог.

- Хичээл хоцрогдол их байв уу? Үүнтэй холбоотой сэтгэлзүйн хувьд дарамт үүсч байна уу?

-Тийм ээ. Хоцрогдоно гэдэг нь өөрөө сэтгэлзүйн хувьд маш их дарамт юм байна лээ. Нэг удаа хичээлээс чөлөө авахад л ямар их зүйлээс хоцорчихсон байдаг билээ. Ойлгохгүй зүйлээ сонсоод байхаар бүүр хичээлдээ дургүй болох үе хүртэл байдаг шүү дээ. Түүнтэй адилхан боловсролын салбарыг арай л хоцроочихов уу даа л гэж боддог. Бараг л нэг жилийн хичээлийг хоёр сард нөхөж байгаа шүү дээ. Энэ нь хичээлээс өөр зүйл хийх завгүй болгож, бидний үерхэх, нөхөрлөх, дурсамж бүтээх, чөлөөт цагийг огт байхгүй болгож байгаа нь сэтгэлзүйн хувьд маш их дарамтыг бүрдүүлж байна.

-Өөрийгөө хөгжүүлэх гарц маш олон төрөл болсон шүү дээ. Өөрийн тань хувьд зорилгоо тодорхойлсон байгаа юу?

- Тийм ээ. Маш олон төрлөөр суралцаж өөрийгөө хөгжүүлэхэд нээлттэй болсон байна. Би 3-р ангиасаа л номын тэмдэглэл хөтөлж ирсэн одоо 1000 гаруй тэмдэглэл байдаг. Мөн олон нийтийн ажилд оролцохоос гадна англи хэл сурч өөрийгөө хөгжүүлэх эхний зорилтоо дэвшүүлээд явж байна. Цаашлаад Олон улсад инженерийн чиглэлээр суралцах сонирхолтой байна. Мөн хувиараа ном гаргана гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ