2021 оны спортын шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-25 20:41:58

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газраас “Хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд нийтийн биеийн тамир, их спорт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих болзолт уралдааны дагуу сум, орон нутагтаа иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалан заал, танхим, гадаа талбайн тохижилт үйлчилгээг хийж нийтийн биеийн тамир, их спортоор хичээллэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн бусдыгаа хошуучлан ажилласан шилдэг сум, баг, байгууллага, хамт олон, тамирчин, дасгалжуулагчдыг алдаршуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.


Тус үйл ажиллагааны хүрээнд 9 төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд оны шилдэг Ахмадын хороогоор Алтанбулаг, Зуунмод, Аргалант сум тодорсон бол шилдэг спортын холбоогоор “Хөлбөмбөгийн холбоо”, Шилдэг биеийн тамирын багшаар Зуунмод сумын 5 дугаар сургуулийн биеийн тамирын багш Аръяагийн Басхүү, шилдэг дасгалжуулагчаар Угтаалцайдам сумын нийтийн биеийн тамирын арга зүйч, ширээний теннисний өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Батбаярын Пүрэвжамц, Спорт авардс шагналын эзнээр дугуйн холбооны тэргүүн О.Ганзориг, шагайн харвааны холбооны тэргүүн А.Пүрэв-Очир нар тус тус шалгарчээ.


Мөн шилдэг тамирчдаар 12 өсвөрийн тамирчин шалгарсан бол шилдгийн шилдэг тамирчнаар Зуунмод сумын Монгени V сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Үндэсний бөх, Чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин Наадамбатын Батбилгүүн, Дугуйн өсвөрийн шигшээ багийн тамирчин Ариунжаргалын Хүслэн нар тус тус тодорлоо.


Төв аймгийн 2021 оны спортыг дэмжигч шилдэг сургуулиар Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургууль, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургууль, шилдэг сумаар Зуунмод, Баяндэлгэр, Баянцогт сум тус тус шалгарсан байна.


Энэ үеэр Биеийн тамир, спортын газрын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Т.Пүрэв-Очирыг шагнасан бол А.Хүслэн, Б.Бат-Оргил, Ц.Цэрэндаваа, Т.Пүрэв-Очир нарт Спортын мастер, дугуйн тамирчин Х.Эрдэнэтунгалагт спортын дэд мастер цол олголоо.


Аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчид цар тахал, хөл хориотой байсан ч бэлтгэл сургуулиа тасралтгүй явуулж, 2021 онд улс, бүсийн уралдаан тэмцээнээс 101 медаль хүртэж, 153 цол зэрэгтэй тамирчид төрөн гарч, улсын хэмжээнд зохион байгуулсан “Цахим гүйлт-2021”, “Цахим Гимнастрада” биеийн тамирын үйл ажиллагаанд II, III байрыг эзлэн, улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын найман төрлөөр оролцож I, II, III байрыг эзэлж, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн орон нутагт амжилттай зохион байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ