Г.Ган-Оюу: 14 хоногийн сургалтад сууж ирээд л өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-02-21 13:36:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын есдүгээр багийн иргэн Г.Ган-Оюутай цахимаар холбогдон өрхийн үйлдвэрлэлийнх нь талаар цөөн хором ярилцлаа. Тэрээр Улаанбаатар хотод 14 хоногийн сургалтад сууж ирээд анх өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлж байжээ. Өдгөө орон нутагтаа морины спорт эмээлийг үйлдвэрлэж байна.

Анх өрхийн үйлдвэрлэлээ хэрхэн эхлүүлж байсан бэ?

2014 оноос эхлэн гэрээрээ арьс ширэн эдлэлээр цүнх, түрийвч, түлхүүрийн оосор, тэлий, хөөрөгний даалин, даавуун тор гэх мэт олон төрлийн л юм хийж үзсэн. 2017 оноос эхлэн спорт эмээл хийж эхэлсэн. Одоогоор эмээлээ дагнан хийж байна.

Яагаад хийж байсан зүйлээ өөрчлөөд эмээл хийх болсон юм бэ, хэд дэх жилдээ эмээлээ үйлдвэрлэж байна?

Эмээлээ дагнан хийгээд яг таван жил болж байна. Цүнх түрийвч түлхүүрийн оосор гэх мэтийг хийхэд жижиг сажиг ажиллагаа ихтэй бөгөөд борлуулалт болон ашиг харьцангуй бага байдаг.  Тиймээс спорт эмээл хийх ажилд ханцуй шамлан орсон. Манай хүүхдийн спорт эмээлийн хувьд нийт жин нь  хоёр кг. Миний хувьд бат бөх чанартай байхаас гадна хүүхэд болоод мориндоо эвтэйхэн, тав тухатай байлгах тал дээр их анхаардаг.

Түүхий эдээ хаанаас бэлтгэдэг юм бэ?

Түүхий эд бэлдэц, материалуудаа Улаанбаатар хотоос татан авдаг. Эцсийн бүтээгдэхүүнээ хийхэд бэлэн болгочихсон арьс, бусад матрериалуудаа авдаг гэсэн үг л дээ.

Борлуулалтаа одоо яаж хийдэг вэ, үнэ ханшийн тухайд?

Эмээл хийдэг болоод багагүй хугацаа өнгөрсөн болохоор хурдан моринд дуртай иргэд, уяачид маань хэдийн мэддэг болсон. Аваад сурчихсан, мэддэг хүмүүс нь шууд л гэрлүү хүрээд ирдэг юм. Бусдыг нь ерөнхийдөө интернэт, цахим орчинд мэдээлэл байрлуулан борлуулж байна. Одоогоор үнийн хувьд 240000 төгрөгөөр гарч байгаа.


Үйлдвэрлэлээ өргөжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтээ хэрхэн бүрдүүлэв?

Анх эхлэхдээ өөрсдийн хөрөнгөөр эхлэж байлаа. Гэвч илүү санхүүжилт шаарлагатай байсан учир хөнгөлөлттэй зээлүүдийг судалсны үр дүнд аймгийн ХХҮГ-аас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр таван сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, мөн ХХҮГ-ын Залуучуудын гарааны бизнес дэмжих старт апп хөтөлбөрт оролцон 10 сая төгрөгийн санхүүжилт авч, тоног төхөөрөмж, түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлсэн. Ер нь жижиг, өрхийн бизнес эрхлэгч залуус маань хаана ямар санхүүгийн эс үүсвэр байна вэ гэдгийг маш сайн судлах ёстой юм билээ. Тэгж чадвал боломж бас байдаг шүү гэдгийг хэлмээр байна.

Одоо яг л өрхийнхөө хүрээнд үйлдвэрлэдэг юм байна. Цаашдын үйл ажиллагаагаа яаж харж байна?

Тэгэлгүй яахав, мэдээж цаашид үйлдвэрийн жижиг байртай болхоос эхлээд үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэх бодол байлгүй яахав.

Таны хувьд ажлынхаа хажуугаар хийдэг учир ачаалалтай байдаг байх. Гаднаас захиалга авдаг уу?

Яг үнэн. Миний хувьд одоогоор Баруун-Урт сумынхаа есдүгээр багийн засаг даргаар ажилладаг. Ажлынхаа хажуугаар эмээлээ хийдэг болохоор ачаалал ихтэй байдаг. Манай эмээлийг зөвхөн Сүхбаатар аймаг төдийгүй бусад аймгийн уяачид ч мэддэг болсон. Тиймээс аль болохоор бусад аймаг сумдуудаас захиалга авахыг хичээдэг. Гэхдээ тийм ч олон тоогоор биш л дээ. Олон хүчин зүйлээс шалтгаалан жилд 70 орчим эмээийг л үйлдвэрлэж байна.

Энэ бол нэг талаараа танай гэр бүлийн бизнес, нөгөө талаараа таны хобби юм шиг санагдлаа?

Тийм шүү. 2012 онд сургуулиа төгсөж ирээд хүүхдээ хараад  гэртээ суудаг байхдаа ямар нэгэн зүйл хийхгүй л бол болохгүй санагддаг байлаа. Нөхөртэйгээ удаан ярилцсаны эцэст аймагт арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газар байдаггүй юм байна, энэ салбарлуу орж арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн шийдэлд хүрсэн. Ингэд 2013 онд Улаанбаатар хотод 14 хоногийн сургалтанд суугаад гурван төрлийн цүнх оёж сураад л ирж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл үйл ажиллагаагаа таслалгүй, жил болгон хийж бага багаар сайжирч, туршлагажиж басхүү ахиж дэвшсээр байна. Ер нь тэгээд өдөр тутамдаа л суралцаж явна даа.

ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ сум, аймаг орон нутгийн зүгээс хэр дэмжиж байна. Танд яг ямар дэмжлэг үгүйлэгдэж байна?

Аймаг сумын хувьд үйлдвэрлэгчдээ тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа. Өөрөө төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан хүний хувьд мэдээж түүнийгээ дэмжлэг юм гэсэн бодолтой явдаг. Яг хийж бүтээх чин хүсэлтэй ч хөрөнгө мөнгөн дээрээ гацчихаад байгаа залуу бизнес эрхлэгчдээ цаашид маш сайн дэмжээсэй гэж боддог. Манай аймагт ийм залуус олон бий.

Холбоотой мэдээ