Аюулын дохио нь ассан эрчим хүчний салбар

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-04-12 14:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбар бол тухайн улс орны үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх салбарын нэг байдаг. Гэвч манай улсад хэзээ мөдгүй зогсоход бэлэн, аюулын дохио хэзээний ассан байдалтай байсаар удлаа.

Эцсийн хүчээ шавхан ажиллаж байгаа эрчим хүчний салбарт системийн хэмжээний том саатал үүслээ гэхэд улсаараа цахилгаангүй, дулаангүй, усгүй болоход бэлэн байгаа. Хөрөнгийн эх үүсвэргүй учир засвар, шинэчлэлээ ч хийж чаддаггүй, шинэчлэгдэж сайжрахгүй байгаа болохоор гэмтэл саатал гарах нь өдөр бүр нэмэгдэж байгаа нь түгшүүрийн дохио хангинасаар байгаа гэсэн үг.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг цаг алдалгүй барьж байгуулах тэр дундаа усан цахилгаан станцуудыг барих шаардлагатайг онцолж ярьсаар он жилүүдийг үдсэн. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд баригдаагүй, харин хэрэглээ өссөн нь суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс буурахад хүргэж байгаа. 2021 онд эрчим хүчний системийн нийт хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор авсан. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж, шинээр хэрэглэгч холбогдох нөхцөл боломж тэр хэрээр буурч байна. Одоо манай дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60 жил, дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болсон. Өөрөөр хэлбэл, эцсийн хүчээ шавхан үүргээ гүйцэтгэж байна. Доголдлоо гэхэд таг суухад бэлэн.



Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 43 мВт-ын өргөтгөл, Сайншандын салхин цахилгаан станц, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дулааны цахилгаан станцууд ашиглалтад орсноос өөр ахиц байхгүй гэж хэлж болно. Мөн Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад шинэчлэл хийсний хүчинд өнгөрсөн 2 жилийн их ачааллыг давж гарсан байдаг. Дулаан хангамжийн хувьд 2015 онд Амгалангийн дулааны станцыг барьж ашиглалтад оруулсны зэрэгцээ энэ онд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбингенераторын шинэчлэлтийн төслийг хэрэгжүүлж, дулаан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Гэвч хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан дамжуулах гол шугамуудын 30 гаруй хувь нь 30-аас дээш жил ажилласан, мөн жилд дунджаар 150-230 Гкап.цаг-ийн хэрэглээ нэмэгдэж байгаа учир Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд хүчин чадлын дутагдалд орж доголдол үүсч болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.


Дэлхийд ба Монголд

Улс орнуудын хандлага өөрчлөгдөж, цөмийн эрчим хүчээр хэрэглээгээ хангаад зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх тухай ярьж байхад манайд яаж өнөө маргаашийн ус дулаанаа таслахгүйгээр амьдрах арга саам хайж байгаа нь дэндүү чамлалттай. Хүн төрөлхтний дунд бий болсон цөмийн цахилгаан станцын талаарх сөрөг ойлголт нэгэнт хуучирчихаад байгаа юм. Ер нь цөмийн эрчим хүч нь цаг тутам өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад газрын тос, нүүрс, байгалийн хийнээс аюул багатай технологи гэгдэх болсон билээ. Харин манайд үүнийг ярих суурь нөхцөл бүрдэж бэлтгэгдээгүй хэвээр байсаар байна. Нөгөөх л уламжлалт, нүүрсэн галлагаат станцаа л ярьж, ийм төрлийн Тавдугаар цахилгаан станцаа ч босгож чадалгүй 10 гаруй жил боллоо.  


Мөн цахилгаан автомашины хэрэглээ ихээр нэвтэрсэн тохиолдолд цахилгаан, эрчим хүчээр хангах эх үүсвэрийг хэрхэн шийдэхээ зохицуулах хэрэгцээ бас гарч ирэх юм.  Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая машин байгаагаас цахилгаан хөдөлгүүртэй 500 хүрэхгүй автомашин байна. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна эдийн засгийн хэмнэлттэй, иргэдийн амьжиргааны зардал багасах, эрчим хүчний борлуулалтад эерэг байх боломжтой. Дэлхийн олон оронд ойрын жилүүдэд авто тээврийн хэрэгслийг бүрэн цахилгаан машинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төрлийн автомашины борлуулалт ч нэмэгдсээр байгаа юм. Харин манайд энэ одоохондоо холын мөрөөдөл.   

Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВт байдаг бол, Ховд голд түшиглэж байгуулах тус станц нь 90 мВт хүчин чадалтай байх юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэбүрэнгийн УЦС нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай. Энэ станц ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Хэзээ л бол хэзээ таг суухад бэлэн байгаа энэ салбарыг аврах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг онцгой түвшинд анхаарч бий болгох, зөвхөн Эрдэнэбүрэн гэлтгүй, Эг, Шүрэнгийн УЦС-ын ажлыг маш хурдтай урагшлуулах шаардлагатай.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсын онцлогт хамгийн их тохирсон нь УЦС юм. Дэлхий нийтэд ч хувьсах эх үүсвэр буюу УЦС-ыг илүүд үздэг. Одоогоор манайд том чадалтай УЦС байхгүй. Байгаа долоон станц нь бага чадлынх бөгөөд үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа.

Эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг хараат байлгасаар байх нь улс орны дотоодын нөхцөл байдал, үйлдвэрлэл, эдийн засагт гадны нөлөөлөл асар их байна аа гэсэн үг. Тийм учраас тун яаралтай шинэ эх үүсвэрүүдийг барьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, хараат байдлаас гарч бие даасан эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгох ёстой.

Өнгөрсөн онд л гэхэд импортоор авсан эрчим хүчний 27 хувийг ОХУ-аас, 73 хувийг БНХАУ-аас авчээ. Харин дотоодын эх үүсвэрийн 90.9 хувийг ДЦС-ууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэр, 0.03 хувийг дизель эх үүсвэр үйлдвэрлэсэн байна. 


Үнэ тариф өртөгтөө хүрдэггүй

Манайд эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө 5-60 хүртэлх хувиар доогуур байдаг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт татах, эрчим хүчний эх үүсвэр барих, бүтээн байгуулалтын ажлуудыг урагшлуулахад саад болдог гол зүйл нь. Тийм ч учраас энэ салбарыг дан ганц төрийн мэдэлд байлгах, эс бөгөөс төр хувийн хэвшлийн оролцоог тэгш хангаж эрчим хүч борлуулах үнийг алдагдалгүй түвшинд хүргэх ёстой гэх мэт байр суурийг мэргэжлийнхэн илэрхийлдэг. 

Цар тахлаас шалтгаалан сүүлийн гурван жил цахилгаан эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Засвар, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулах зэргээр амь аргацааж ирсэн. Үүнээс үүдэн бодит өртөг зардал, борлуулж байгаа үнэ  хоёрын дундах зааг ялгаа улам өссөн. Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулахын тулд үнэ тарифын нөхцлийг бодлогоор дэмжихэд анхаарч байгаа гэдэг.


Сүүлийн 3 жилд дунджаар 62 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлтийг бий болгосон боловч үнэ тарифыг хүчээр тогтвортой хэмжээнд барьсан нь алдагдалд хүргэсэн. 2019 онд 59 тэрбум, 2020 онд 88 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны алдагдалтай ажилласан бөгөөд тус алдагдлыг эрчим хүчний салбар бүрэн хариуцан ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1,107.2 мянган хэрэглэгчийн  868.5 тэрбум төгрөгийн төлбөрийг  Засгийн газраас хариуцсан тухай тооцоог өнгөрсөн сард гаргасан. Хөнгөлөлтийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлүүлэхээр болсон.

Эрчим хүчний үйлдвэрлэлийг хэвийн явуулахад нүүрсний үнэ, тээврийн үнэ,  хэрэглээний үнэ тарифыг нэмэгдүүлэх санал ч гардаг. Хэрэглээнээс хамаарсан тариф, шатлал, ангилал нэмж үнэ тарифыг шинэчлэх ажил эхнээсээ хийгдэж байна. Ингэж тарифын шинэчлэл хийгдэхгүй зээлийн санхүүжилтээр хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажлуудын зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болох, шинэ эх үүсвэрүүд ашиглалтад ороход тэдгээрээс худалдан авсан цахилгааны төлбөрийг төлж чадахгүйд хүрнэ.


Монгол Улсын эрчим хүчний систем нь

-Төвийн бүс

-Баруун бүс

-Алтай-Улиастай

-Дорнод бүс

-Өмнөд бүсийн цахилгаан хангамж гэсэн таван хэсгээс бүрддэг.

Өнөөдрийн байдлаар дулааны 9 цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиастайн дизель станцууд болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авч 220 кВт, 110 кВт-ын дэд станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 330 гаруй сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж байна.


Түүнчлэн Ухаахудагийн цахилгаан станц, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн цахилгаан станцууд өөрийн уурхай болон үйлдвэрлэлийн хэрэглээгээ, харин Оюутолгой ордын эрчим хүчний хэрэглээг тэжээлийн нөөц дизель цахилгаан станцаар ханган ажиллаж байгаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон төслүүдийн хэрэгжилт эрчимжих найдвар уг нь цухуйж байна. Тухайлбал, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Дулааны гуравдугаар цахилгаан станцын шинэчлэлтийн төсөл эхэлсэн байгаа.


Эрчим хүчний хангамжид хамгийн хүнд үе ирж байна

2022-2023 оны өвөл буюу ирэх өвлөөс эрчим хүчний хангамжид хамгийн хүнд үе ирж байгааг салбарынхан хэлж байна. Хэт хуучирсан, насжилт өндөртэй эх үүсвэрүүд өссөн хэрэглээгээ дийлэхгүй  нэг л өдөр аваарын нөхцөл байдалд орох эрсдэлтэй болжээ. Энэ салбарын ачаалал жилд дунджаар 6-8 хувиар өсдөг.

Хэрэглээний ачаалал ихээхэн нэмэгдэж, нэмэгдсэн хэрэглээг хангахын тулд системийн суурилагдсан хүчин чадлыг шавхан ажиллаж байна. Богино хугацаанд эрчим хүчний томоохон чадлын эх үүсвэр барьж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хэрэглээний өсөлтөө хангах явдал бол Монгол Улсын хувьд нэн тэргүүнд тулгамдсан асуудал. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод, гэр хорооллын 14 орчим мянган айл өрх стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчинд холбогдоогүй байна. Үүн дотроо цахилгаангүй сууж байгаа нь ч олон.


Эрчим хүчний сэргэлтийн бодлого зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Хөгжлийн төслүүдэд одоо ажиллаж буй ДЦС-уудын чадлыг өргөтгөх, шинэ эх үүсвэр барих, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж улсын нэгдсэн сүлжээ үүсгэнэ гэж буй. Мөн дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэх төслийг ч тусгажээ. Ингэснээр манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг 2 дахин, цахилгаан дамжуулах шугам сүлжээний чадлыг 2 дахин нэмнэ. Үүнд нийт 14.9 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.

Ямартаа ч улс даяараа ус, дулаан, цахилгаангүй сууж байхгүйн тулд өнөө маргаашгүй амь тавихад бэлэн болсон салбараа түргэн хугацаанд өндийлгөж авах нь юу юунаас чухал байна.  

 

Холбоотой мэдээ