Дулааны станцын барилга угсралтын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-16 09:39:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй дулааны станц барих төсөл Монгол Улсын 10 аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Сүхбаатар аймаг юм. Өнгөрсөн 14-ний өдөр уг станцын барилга угсралтын шав тавих нээлтийн ёслол боллоо.

Төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 20 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400 - 80 мм-ийн голчтой 61 метр урт дулаан дамжуулах шугамыг тус тус шинээр барьж ашиглалтад оруулна.

Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулах аж.

Шав тавих ёслолын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Ганибал, Засгийн газрын гишүүн, эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-ынЭкспорт-Импортбанкны суурин төлөөлөгч Ли Дун Хён, “Кореан дистрикт хитинг инженерингкомпанийн ерөнхий захирал Хуан Мана Ён, “Бьюксан инженерингкомпанийн гүйцэтгэх захирал Ким Дон Вун, аймгийн Засаг дарга М.Идэрбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгнэдээ, Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, төвлөрсөн хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Сүхбаатар аймаг. Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ынБьюксан инженерингкомпани шалгаран ажиллаж байгаа бөгөөд төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн гэлээ.

Ийнхүү уг станц ашиглалтад орсноор Сүхбаатарынхан дулааны найдвартай эх үүсвэрээр хангагдах бөгөөд цаашлаад хэрэглээний халуун усыг жилийн дөрвөн улиралд ашиглах боломж бүрдэх юм.

 

Холбоотой мэдээ