Сумын заан Э.Түмэннасан 10 даван түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-17 10:30:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн өргөөнд ням гарагт зохион байгуулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн 101 дэх ээлжит барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Малчин сумын харьяат, сумын заан Эрдэнэтогтохын Түмэннасан 10 даван анх удаа түрүүлэв.


Мөн Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн анх удаагаа үзүүрлэжээ. Их шөвгийн гуравт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй манлай заан Б.Бат-Эрдэнэ шалгарлаа.

 

Дунд шөвгийн тавд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан А.Амархүү, Өвөрхангай аймгийн Бүрд сумын заан Э.Бямбаабаатар, бага шөвгийн аравд Баянхонгорын Ш.Эрдэнэбаяр, Завханы Ё.Гантулга, Увсын Б.Цагаанбанди, Увсын А.Баянмөнх, Архангайн М.Буянхишиг нар тунаж үлдсэн юм.

 

МҮБХ-ны дараагийн барилдаан 10 дугаар сарын 28-нд Нийслэлийн өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

 


Холбоотой мэдээ