“IDC”: Ухаалаг гар утасны нийлүүлэлт буурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-27 11:30:31

ВАШИНГТОН. /CNBC/. Макро эдийн засгийн байдал, хэрэглэгчдийн эрэлт сул байсантай холбоотойгоор дэлхийн ухаалаг гар утасны нийлүүлэлт 2022 оны дөрөвдүгээр улиралд буюу шинэ жилийн баярын улирлын үеэр буурлаа гэж зах зээлийн судалгааны “IDC” фирм мэдээлэв.


Тодруулбал, гар утас үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн оны 10-12 дугаар сард 300.3 сая ухаалаг гар утас нийлүүлсэн нь өмнөх намрын улирлынхаас 18.3 хувиар буурч, улмаар нэг улиралд хамгийн их буурсан дүн үзүүлжээ.


Мөн 2022 онд ухаалаг гар утасны нийлүүлэлт 1.21 тэрбумд буюу 2013 оноос хойших хамгийн сул үзүүлэлтэд хүрсэн нь хэрэглэгчдийн эрэлт буурч, инфляц өссөнтэй зэрэгцэн эдийн засгийн тодорхойгүй байдал үүссэнтэй холбоотой гэж “IDC” мэдээлсэн байна.


“Баярын улирлын үеэрх нийлүүлэлт өмнөх улирлаас буурсан тохиолдол урьд өмнө нь гарч байгаагүй. Эрэлт сул, нөөц их байсантай холбоотойгоор борлуулагчид татан авалтаа багасгасан” гэж “IDC” фирмийн шинжээч Набила Попал тайлбарлалаа.


Гар утасны нийлүүлэлт нь “Apple”, “Samsung” тэргүүтэй компаниудын жижиглэн худалдаачид болон гар утасны операторууд руу илгээх бүтээгдэхүүнүүдийн тоо хэмжээг төлөөлдөг. Энэ үзүүлэлтийн хувьд борлуулалтыг илэрхийлдэггүй ч эрэлт хэрэгцээ ямар байгааг илтгэн харуулдаг.


Apple” компанийн хувьд дэлхийд тэргүүлэгч гар утасны үйлдвэрлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байна. Тус компани нь дөрөвдүгээр улиралд 72.3 сая “iPhone” гар утас нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар буурчээ. Apple” нь зах зээлийн 24.1 хувийг эзэлсэн бөгөөд шинэ жилийн баярын улирлыг угтан хамгийн сүүлийн үеийн “iPhone 14” цуврал гар утаснуудаа танилцуулсныг үл харгалзан нийлүүлэлт нь ийнхүү буурсан байна.


Мөн ухаалаг гар утасны зах зээлийн хоёр дахь том “тоглогч” болох “Samsung” компанийн гар утасны нийлүүлэлт өмнөх оныхоосоо 15.6 хувиар буурч, 58.2 саяд хүрчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд шинэ ухаалаг гар утас танилцуулаагүй “Samsung” ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулахаар товлоод байна.


Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Xiaomi” компанийн хувьд мөн оны дөрөвдүгээр улиралд 33.2 сая гар утас нийлүүлсэн нь өмнөх оныхоос 26.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Ингэснээр ухаалаг гар утасны хамгийн том таван тоглогчийн /Хятадын “Oppo, “Vivo” компаниуд багтдаг/ дундаас хамгийн их бууралтыг үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ