БУЛГАН: Малчдаас малын тоо толгойн албан татварын орлогоор хийх ажлын талаар санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-17 14:40:32

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр малчдын хотонд ажиллаж, малын тоо толгойн албан татварын орлогоор 2024 онд хийх ажлын талаар санал авчээ. Мөн сумын 2, 6-р багийн 21 өрхийн 36 малчин иргэдтэй уулзаж, орон нутгийн цаг үеийн мэдээлэл өгсөн байна.

            Сумын хэмжээгээр нийт төллөвөл зохих 29.9 мянган хээлтэгчээс 11.7 мянган хээлтэгч төллөж, мал төлөлт 39.2 хувьтай байна. Малчдын түвшинд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц багасаж цаашид цаг агаарын нөхцөл байдал муудвал хаваржилт тавгүй байж болзошгүй байна. Малчид өвс, тэжээлийн зах зээлийн үнэ их, олдоц муутай байгааг онцгой анхаарч ажиллах талаар аймаг, сумын удирдлагуудад санал хүсэлт гаргалаа гэж тус сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ. Хужирт багийн Засаг дарга, “Цоожэд” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн нар ажлын багт ажилласан байна. 

Холбоотой мэдээ