БУЛГАН: Үзэсгэлэнд оролцогчид бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна түншлэгч захиалагчаа нэмдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-01 21:09:52

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Булганы намар үзэсгэлэнд малчид, аж ахуйн нэгж, хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид оролцож, шилмэл малын үзэсгэлэн худалдаа, амьд мал борлуулах, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, өрхийн үйлдвэрлэл, махны жижиглэн худалдаа, өвлийн идэшний багц, ногоон тэжээл, хивэг, малын долооц зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж байна.


Шилмэл малын худалдаагаар суффолк хонь, ангус үхэр, ингэт цагаан толгойт үхэр, мөн үслэг эдлэл, эко түлш, хатаасан хүнсний ногоо, бог будаа зэрэг нутаг орны онцлогийг харуулсан бүтээгдэхүүнээр үйлчилж байна.  


Булган аймгийн Бүрэгхангай сумын Залуу малчин н.Даваадорж, Мал сүргээ дөрвөн төрөлд өсгөж байна. Суффолк үүлдрийн махны чиглэлээр үржүүлж байгаа үзэсгэлэнгийн хуц, эм хонь, мөн сүргийн сайжруулалтаар хургануудтай ирсэн. Энэ хонины хурга 4-5 кг жинтэй гардаг, байгалиараа өсдөг.

Энэ үзэсгэлэнд оролцсоноор харилцагч түншлэлээ нэмэгдүүлэх сайн талтай. Суффолк хонины онцлог шинж чанар, ашиг шим, маллагаа, тэжээл, хэрэгцээний эрлийзжүүлэг, анхаарах зүйлс зэрэг олон талын мэдээлэл хуваалцах үр дүнтэй ажил болж байна.


Суффолк хонь анх Англи улсад 1810 онд албан ёсны үүлдэр болон баталгаажсан бөгөөд дэлхийд махны чиглэлийн хамгийн шилдэгт тооцогддог, сүүлийн 200 жилд тархалтаараа тэргүүлж байгаа үүлдэр юм.


Суффолк хонь толгой, хөл хар, бие шаргал өнгөтэй, чих том, сүүл нарийн. Нас гүйцсэн эр хонь 110-160 кг, эм хонь 80-160 кг, хурга төрөхдөө 5-7,7 кг, /ихэрлэж төрөхдөө 3,5-4,2 кг/ жинтэй байдаг. 19-20 дугаар зуунд хойд, өмнөд Америк, Австрали, Европын орнуудад нутагшуулан үржүүлж байсан байна. Мах, ноосны гарц өндөртэй, махны чиглэлийн үүлдэр юм. Дэлхийн хонины махны зах зээлийг хангаж байгаа шалгарсан үүлдэр ажээ.


Суффолк хонины цэвэр үүлдрийг Монголд оруулж ирээд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нутагшуулан өсгөн үржүүлж байгаа юм.


Булган аймгийн Орхон сумын малчин Ж.Адилбиш, Өнөөдөр манайх сүргийн сайжруулалтад худалдахаар ангус бухнуудтай ирсэн. Энэ үзэсгэлэнгээр харилцагч түншлэлээ олж авдаг.

Бид үхрийн фермерийг мах, сүүний чиглэлээр хөгжүүлэн үр шим, үүлдэрлэг чанарыг сайжруулан  нутагшуулахаар 15 жил ажиллаж байна. Сүүний чиглэлийн үнээндээ олатау хээлтүүлэгчээр зохиомол хээлтүүлэг хийж, харин махны чиглэлд үндсэн монгол үхэр дээрээ сайжруулагчаар ангус бухыг тавихад сүүний шим, махны гарцад давуу нөлөөлж байна.

Манайх Булган аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгийн сүүний нийлүүлэлтийг хангаж, шүдлэн үхэр амьдын жингээр 350 кг, гулуузаар 180 кг-аас дээш, бяруу 135 кг-аас дээш татаж байна.


Булган аймгийн Баяннуур сум Т.Цэцэгсайхан, Өнөөдөр үзэсгэлэнд үслэг эдлэлээр оролцож байна. Манайх 2013 оноос хоршоо болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түүхий эдээ цуглуулаад цааш нь дамжуулан зардаг байснаа 2019 оноос боловсруулах тоног төхөөрөмж аваад эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн.

Малчдын маань арьс нэхий өвчилт хадгалалт малын өвчлөлөөс шалтгаалаад эд болох, эд болох боломжгүй зэрэг хүндрэл гардаг. Энэ үзэсгэлэнгээр бүтээгдэхүүнээ худалдан борлуулахаас гадна захиалагч түншлэлээ олж харилцагчдынхаа цар хүрээг нэмэгдүүлэх боломж нээгддэг. 

 

Булган аймгийн Хялганат тосгон Э.Бодьгэрэл, Эко харандаан түлшийг цэвэр модны үртсээр хийж өөрийн давирхайгаар нь барьцалдуулж байгаа учир утаа тортог бага, илч сайтай, зориулалтын төслийн зууханд 4-5 кг нь 6-7 цаг дулаанаа барих зэрэг давуу талуудтай.


Түлшний үйлдвэрлэлийг тогтвортой ажиллуулж, сум орон нутаг болон аймаг сумдын түлшний хэрэгцээг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчныг дэмжих зорилготой.

Түүхий эдийн нөөцөө ойрын 10 жилд хүртээмжтэй гэж үзэж байгаа. Манайх өдөрт захиалгадаа тохируулаад 3 тн буюу 150 шуудай түлш үйлдвэрлэдэг.


Булган аймгийн Дашинчилэн сум Оюунцэцэг, Би энэ үзэсгэлэнд 2000 оноос хойш оролцсон. Үзэсгэлэнд авчирсан бүх ногоогоо борлуулж дуусгаад явдаг. Энэ жил цагаан ултай гутал, шинэ ургацын ногоотойгоо ирсэн.

Өвөл нь гутлаа оёдог, хавар, зун, намар ногооны бизнесээ хийдэг.

Одоо гутлаа бараг борлуулаад дуусаж байна. Нийт 1 га-д хүнсний ногоо тариалдаг. Хүрэн манжин, лууван, шар манжингаа хатааж байна. Үсү, гоньд зэрэг амтлагч ногоо, хулуу, төмс, байцаа, сонгино, тагар сонгино зэрэг олон төрлийн нарийн ногоо тарьдаг.

Нэг кг хатаасан ногоо нь дундаж ам бүлтэй айлын сарын хэрэглээ болдог. Бид зориулалтын технологиор нарны шууд тусгалаар сэрүүн нөхцөлд хатаадаг.


Булган аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн П.Саран, Би 2016 оноос хойш аймагт болж буй үзэсгэлэн бүрд оролцдог. Эндээс борлуулалтаас гадна захиалгаа олж авдаг.

Бид дадлагажуулах ажлын байраар 8 хүнийг хангаж бүтээгдэхүүнээ хийдэг бөгөөд аймгийнхаа нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах сургалтаар тогтмол ханган ажилладаг.

Энэ үзэсгэлэн нь бидэнд нээлттэй бүтээлээ худалдах, дараагийн захиалагч түншлэлээ олж авахад их дөхөм болдог.

 

Булган аймгийн Сэлэнгэ, Хялганат, Хангал суманд бог будааг эртнээс тарьж ирсэн бөгөөд одоо маш нарийн ажиллагаагаар эцсийн бүтээгдэхүүн болдог энэхүү үйл хэрэгт ахмад тариаланч Б.Баасансүрэн, Д.Норсүрэн нарын гэр бүл, үр хүүхдүүд, "Сайхан харзтай" ХХК-ийн М.Энхтөгөлдөр, Б.Ганчимэг нарын гэр бүл тариалж байна.

Өнөөдрийн үзэсгэлэнд бог будаатай ирсэн боловч бага үдэд будаагаа дуусаж байна хэмээн сууж байлаа. Бог будаа их л нарийн нямбай хөдөлмөрөөр бүтээгдэхүүн болдог ажээ. Шим тэжээл сайтай бог будаагаа өрөмтэй, өвөлдөө цагаан тос, ээзгийтэй холиод сүүтэй цайгаа уудаг. Тансаг гоё үнэртэй, амттай уламжлалт бүс нутгийн брэнд бүтээгдэхүүн юм. 



Булган аймгийн Могод сумын  Могод-Оч хоршооны дарга Д.Оюунцэцэг, Үйлдвэрийн аргаар боловсруулсан үхрийн мах, “Өнтэй” өвлийн идэшний багцаараа үзэсгэлэнд оролцож байна.

Өвлийн идшээ захиалаад сав баглаа боодлоо сонгоод, махыг жижиглүүлж, машиндуулж, ясаа хөрөөдүүлэн бэлдэж авах үйлчилгээг төв суурины иргэд ихээхэн сонирхож байна.

 



























Холбоотой мэдээ