Монголын эдийн засгийн форум-2023: Шинэ ирээдүй-Шинэ боломж

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-10 15:46:42
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр дахь өдрөө болж байгаа "Монголын эдийн засгийн форум-2023" арга хэмжээ "Шинэ ирээдүй-Шинэ боломж" нэгдсэн хуралдаанаар үргэлжиллээ.


Энэхүү "Шинэ ирээдүй-Шинэ боломж" нэгдсэн хуралдааныг CNN-ийн олон улсын сурвалжлагч Марк Стюартын чиглүүлж, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, М-Си-Эс группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса, Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон,  JP Morgan компанийн Хөрөнгө оруулалтын банк, Технологи, Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбоо Групп компанийн олон улс хариуцсан Тэргүүн, Гүйцэтгэх захирал Женнифер Нейсон нар оролцож, эдийн засаг, шинэ технологи, англи хэл, геополитик зэрэг олон сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголчууд банкны салбарын үүд хаалгаа бүрэн нээж байна. Гадаадын банк Монголд үйл ажиллагаагаа явуулах тал дээр бид урагшаа дахиад нэг том алхахад бэлэн байна.Гадны банк орж нөхцөл сайжирвал маш олон зүйлст эерэг нөлөө бий болно хэмээн мэдэгдсэн бол М-Си-Эс группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал,  Яг одоо бидэнд үсрэнгүй хөгжих боломж бүрэлдсэн байна. Дэлхий даяар яригдаж байгаа ногоон эрчим хүчний шилжилтийг хурдацтай хэрэгжүүлж, ажил хэрэг болгох байгалийн баялаг, сэргээгдэх эрчим хүч нь Монгол Улсад бүрдсэн байгааг онцоллоо. Мөн Азийн хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса, Тогтвортой хөгжил гэхээр дан Засгийн газрын хариуцах асуудал биш юм. Энэ бол компаниудын авч явах ёстой бодлого гэдгийг хэллээ


Харин Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон, Бид өнөөдөр хуран чуулж Монгол Улсын ирээдүйн талаар хэлэлцэж, энэ улсын эдийн засгийн өсөлт хөгжилд хүрэх асар их нөөц бололцоог бодит ажил хэрэг болгох талаар ярилцаж байна. Монголын ирээдүйг бид хүдэр, түүхий эд гэж хардаггүй. Хүн гэж боддог. Монголын ирээдүйд бид бүрэн итгэж буйн хамгийн том шалтгаан бол ард түмэн нь юм. Монгол бол эрч хүч оргилсон нээлттэй дэлхийн түвшинд сэтгэдэг улс. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд Монголын эрмэг хүсэл тэмүүллийг бодит ажил хэрэг болгох үйлсэд хувь нэмрээ заавал оруулах ёстой. Монгол Улс зорьсон зорилтдоо хүрэхэд бид урт хугацааны хариуцлага хүлээсэн компанийн хувьд хувь нэмрээ оруулах бүрэн дүүрэн хүсэл эрмэлзэлтэй байна гэв.


JP Morgan компанийн Хөрөнгө оруулалтын банк, Технологи, Хэвлэл мэдээлэл, Харилцаа холбоо Групп компанийн олон улс хариуцсан Тэргүүн, Гүйцэтгэх захирал Женнифер Нейсон, Өнөөдрийн Монгол Улс хийж бүтээсэн, байгуулсан зүйл ихтэй орон гэж бодож байна. Тогтвортой, эрүүл санхүүгийн тогтолцоог бүрдүүлж чаджээ. Найдвартай, итгэж болохуйц байгууллагууд Монгол Улсад олон би гэж бид харж байна. Санхүүгийн тогтолцооны бат бэх байдал нь эдийн засгийн бүхий л салбарт эерэг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, хөрөнгө оруулалт, мөнгөн урсгалын тогтолцоо улам бэхжих болно. Харин цаашид эдгээр ажлыг мэдрэмжтэйгээр хөгжүүлэх нь хамгийн чухал юм хэмээн байр сууриа илэрхийллээ.

Холбоотой мэдээ