Илон Маск АНУ-ын хамгийн баян хүнээр дахин тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-10-04 09:36:34

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 4 /Forbes/. Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг АНУ-ын хамгийн баян 400 хүний жагсаалтыг Илон Маск дахин тэргүүлжээ.


SpaceX, Tesla компаниудыг үүсгэн байгуулагчийн хөрөнгийг Forbes сэтгүүл 251 тэрбум доллароор үнэлсэн бөгөөд энэ нь Маск уг жагсаалтыг тэргүүлж байсан өнгөрсөн оны үнэлгээтэй ойролцоо байна. Жагсаалтын хоёрдугаарт Америкийн Amazon корпорацын үүсгэн байгуулагч Жефф Безос (161 тэрбум ам.доллар), гуравдугаарт Oracle корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Эллисон (158 тэрбум ам.доллар) орсон байна. Дөрөв, тавдугаарт Berkshire Hathaway холдингийн тэргүүн Уоррен Баффет (121 тэрбум доллар), Google корпорацыг үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйж (114 тэрбум доллар) нар тус тус эрэмбэлэгджээ.


Харин Microsoft компанийг үндэслэгч Билл Гейтс 111 тэрбум долларын хөрөнгөөр жагсаалтын зургаадугаарт бичигдсэн байна.


Америкийн хамгийн баян 400 хүний нийт хөрөнгө өнгөрсөн оныхтой харьцуулахад 500 тэрбум доллароор нэмэгджээ. 

Холбоотой мэдээ