Гаальд хураагдсан 180 кг алтыг Токиогийн дуудлага худалдаанд тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 4 /NHK/. Токиогийн Гаалийн газар хураагдсан хууль бус алтыг үнэ хаялцуулахын тулд хамгийн том дуудлага худалдаа зохион байгуулж байна. Мягмар гарагт уг дуудлага худалдааг цахимаар явуулж байгаа бөгөөд нийтдээ 180 орчим кг алтыг худалдахаар тавьжээ.
Зах зээлд нийтдээ 1.75 тэрбум иен буюу 11.7 сая ам.доллароор үнэлэгдэх дээрх багц алт нь үнийн дүн ба хэмжээгээрээ дуудлага худалдаанд тавигдсан хамгийн их хэмжээний алт юм.
Алтыг 2015-2017 оны хооронд Ханэда, Нарита нисэх онгоцны буудлууд, Токиогийн боомт ба бусад боомтуудад хураан авчээ. Ихэнхдээ үнэт эдлэл хэлбэрээр хураагдсан алтыг 1 кг жинтэй гулдмай болгосон байна. Гаалийн өндөр албан тушаалтны хэлснээр, Японд 2014 онд хэрэглээний татварыг нэмэгдүүлсний дараачаас алтны хууль бус наймаа газар авчээ.
Алтны үнэ өсөж байгаа энэ үед дуудлага худалдаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй байгаа энэ үед алтыг найдвартай актив гэж үзэж буйн илрэл юм. Хураагдсан алтыг хадгалж хамгаалах зардлыг дуудлага худалдааны үнэд тусгажээ.
Дуудлага худалдаанаас олсон мөнгийг улсын төсөвт шилжүүлэх аж.