Олон улсын залуу монгол судлаачдын 2024 оны зуны сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Олон улсын залуу монгол судлаачдын зуны сургууль-2024” сургалтыг нээх ёслол өнөөдөр Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд боллоо. Уг сургалтыг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсролын яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг юм.
Энэхүү сургалтын гол зорилго нь ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж зохион байгуулагчид нь үздэг.
Энэ жил зуны сургуульд хамрагдахаар 7 улсын 40 гаруй судлаач хүсэлт гаргажээ. Тэдний 30-д нь зуны сургуульд хамрагдах боломж олгосноос ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 6 орны 13 их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 25 судлаач иржээ. Зуны сургалтын хувьд 14 хоног үргэлжилнэ. Эхний 7 хоногт Шинжлэх Ухааны Академи, МУИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвүүдийн эрдэмтдийн лекцийг сонсоно. Мөн Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудыг үзүүлнэ.
Харин үлдсэн 7 хоногт нь малчин ардын ахуй, соёлтой танилцах дадлагад хамруулах ажээ.
Залуу монгол судлаачдын зуны сургуулийг 1989 оноос "Залуу монголч эрдэмтний зуны сургууль" нэрээр зохион байгуулж эхэлсэн юм. Харин 2014 оноос эхлэн Монгол Судлалын Үндэсний Зөвлөл хариуцан зохион байгуулах болжээ.