ОРХОН: Авто замын ажил хэвийн үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-05 12:44:24
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ сарын  1, 2-нд үргэлжлэн орсон борооны улмаас хотын доторх авто замын эвдрэл нэмэгджээ. Замын эвдрэлийн хэмжээг тогтоох, засвар үйлчилгээний зардлын тооцоог мэргэжлийн байгууллагууд нь хийж байна.


Энэ жил Орхон аймаг 50 тэрбум төгрөг төсөвлөн хот доторх авто замаа засахаар өнгөрсөн хавраас ажлаа эхлүүлсэн. Үүнд нөхөх болон өргөтгөх, шинэчлэх замын байршлуудаа тогтоож ажлаа эхлүүлээд байна. Гэвч долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр усархаг аадар бороо үе, үе орсоны улмаас замын засвар, нөхөөс, шинэчлэлтийн ажилд багагүй саатал гараад байгаа аж.


Иймд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэж байгаа гэнэтийн нөхцөл байдал, асуудалд бухимдалгүй, хүлээцтэй хандахыг авто замын мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн удирдлагууд иргэд, олон нийтээс хүслээ.

Энэ долоо хоногт бороогүй, цэлмэг нартай байх учир замын ажлаа яаравчилна гэж мөн мэдээлж байна. 



Холбоотой мэдээ