Шилжилт хөдөлгөөний асуудлаар ФИФА хэлэлцүүлэг явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-19 16:08:03

ЖЕНЕВ, 2024 оны аравдугаар сарын 19. /ТАСС/. Европын Холбооны /ЕХ/ шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан хөлбөмбөгчдийн шилжилт хөдөлгөөний талаарх дүрэм журмыг боловсронгуй болгох асуудлаар Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөж байна.


Учир нь, Францын хөлбөмбөгчин Лассана Диарра-гийн гаргасан гомдлыг ЕХ-ны шүүх хэлэлцээд “ФИФА-гийн шилжилт хөдөлгөөний дүрэм журам нь хуульд харшилж байна” гэж үзжээ.   


“Хөлбөмбөгчдийн статус ба шилжилт хөдөлгөөний тухай дүрмийн 17 дугаар заалтын талаарх дэлхийн хэмжээний хэлэлцүүлгийг ФИФА эхлүүлж байна. Ингээд Европын клубүүдийн холбоо /European Club Association/, Мэргэжлийн хөлбөмбөгчдийн олон улсын холбоо /FIFPro/, Дэлхийн лигүүдийн холбоо /World Leagues Asssociation/ зэрэг холбогдох талуудад хандан, Диарра-тай холбоотой асуудлаар ЕХ-ны шүүхээс гаргасан шийдвэрийг хамтдаа дүгнэн хэлэлцэхийг урьж байна. Зөвлөлдөөний явцад сонирхогч бүх тал 11 дүгээр сарын 15-наас өмнө өөрсдийн санал хүсэлтийг ирүүлэхийг уриалж, тусгай платформ үүсгэсэн” гэж ФИФА-гийн мэдэгдэлд дурджээ.


Болсон явдлын тухайд, 2014-2015 оны улирал эхлэхийн өмнөхөн Москвагийн “Локомотив” багт тоглож байсан Диарра багийн бэлтгэл цугларалтад ирээгүй учир тус багийн удирдлага Францын хөлбөмбөгчинтэй байгуулсан гэрээгээ дангаараа цуцалж, улмаар ФИФА-д гомдол гаргасан байна. Тус холбооны маргаан шийдвэрлэх танхимаас гэрээг цуцалсныг дүрэм журманд нийцэж байна гэж үзээд 10,5 сая еврогийн торгуулийг хөлбөмбөгчинд ногдуулжээ.


Үүний дараахан 2015 оны хоёрдугаар сард Диарра Бельгийн “Шарлеруа” клубт шилжин ирсэн бөгөөд энэ үед тус клубын удирдлага хөлбөмбөгчний өмнөөс “Локомотив”-т торгууль төлөхгүй гэсэн баталгааг гаргуулж авахыг хүсэж байлаа. Учир нь, ФИФА-гийн болон Бельгийн эзэн хааны хөл бөмбөгийн холбооны /KBVB/ дүрмийн дагуу “Шарлеруа” клуб өрөнд орох магадлал өндөр байв. Ингээд эцэст нь Диарра тус клубтэй гэрээ байгуулж чадаагүй тул "Бельгийн багт цаг тухайд нь баталгаа гаргаж өгөөгүй ФИФА, KBVB хоёр үүнд буруутай" гэж тэрбээр үзээд ЕХ-ны шүүхэд гомдол гаргажээ. 

Холбоотой мэдээ