ДУНДГОВЬ: Нийт нутгийн 22 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УЦУОШТ-ийн мэдээлснээр
Дундговь аймгийн нийт нутгийн 38 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 38 хувьд бэлчээр
хүрэлцээтэй, 22 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 2 хувьд 3-5 дахин
хэтэрсэн байдалтай байна.
Тодруулбал, Сайнцагаан
сумын Тэвш багийн нутагт бэлчээрийн даац 3-5 дахин, Эрдэнэдалай сумын Чавчир,
Сангийн далай, Цагаан-Овоо, Сайнцагаан сумын Наран, Үйзэн, Далай, Сайхан-Овоо
сумын Найз, Төгрөг, Говь-Угтаал сумын Хонгор, Гурвансайхан сумын Гурвансайхан
багийн нутагт бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ.
2024 оны зун тус аймгийн
нийт нутгаар хур тунадас сайн орж, 8 дугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн
90 гаруй хувьд ургамлын ургалт сайн, 10 хувьд дунд зэрэг гэсэн дүгнэлт гарсан
байна. 11 дүгээр сарын 30-ны байдлаар тус аймгийн Адаацаг, Дэлгэрхангай,
Говь-Угтаал суманд 1-4 баллын тарлан цастай, бусад нутгаар цасгүй байна.
Энэ өвөл 15 сумын 68
багийн нутагт 7347 малчин өрх, 1474 мал бүхий өрхийн 3,4 сая толгой буюу хонин
толгойд шилжүүлснээр 4,7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байгаа.
Бэлчээрийн даац хэтэрсэн
нутагт мал өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч болзошгүйг мэргэжлийн
байгууллагаас анхааруулсан.
ХАА-н цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12 дугаар сард агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Энэ сард Цагаандэлгэр сумын зүүн хэсгээр ахиу цас орох бол бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр сард агаарын
дундаж хэм нийт нутгаар хүйтэн байх бол 2 дугаар сард нутгийн баруун хойд хэсгээр хүйтэн, бусад
нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Харин 3 дугаар сард
харьцангуй дулаарч, агаарын дундаж хэм олон жилийн дунджийн орчим байх ба дээрх
саруудад нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орохыг УЦУОШТ-өөс
мэдээллээ.