Хувцаслалтын дүрмийг зөрчсөн М.Карлсенийг тэмцээнээс хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-12-28 13:17:06

НЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 28. /ТАСС/. Шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дресс код буюу хувцаслалтын дүрмийг зөрчсөн Норвегийн шатарчин Магнус Карлсений тус тэмцээнд оролцох эрхийг хассан байна. Энэ тухай Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ хэвлэлийн алба мэдээллээ.


“Өнөөдөр Магнус Карлсен жийнсэн өмд өмссөнөөр тэмцээний дүрмийг илт зөрчлөө. Шүүгч түүнд энэ талаар сануулж, торгож, хувцсаа солихыг шаардсан боловч Карлсен татгалзсан тул есдүгээр тойргийн тоглолтод түүнийг оролцуулаагүй болно. Энэхүү шийдвэрийг гаргахдаа хэн нэгнийг алагчлан үзээгүй бөгөөд бүх шатарчинд ижил тэгш үйлчилнэ” гэж мэдээлэлд дурджээ.


Энэ удаад М.Карлсен болон Оросын шатарчин Ян Непомнящий нарыг хувцаслалтын журмыг зөрчсөний учир 200 доллароор торгосон байна. Харин хувцсаа солих шаардлагыг М.Карлсен үл ойшоосон тул түүнийг тэмцээнээс хасжээ. Рапид тоглолтын тэмцээнээс хасагдсан тэрбээр мөн 30, 31-ний өдрүүдэд болох блиц тоглолтын ДАШТ-нд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.  


Рапид ба блиц тоглолтын ДАШТ энэ өдрүүдэд Нью-Йорк хотод болж байгаа бөгөөд рапид тоглолтын тэмцээн өнөөдөр дуусна. Эрэгтэйчүүдийн тэмцээний ялагч 90 мянган ам. доллар, эмэгтэйчүүдийн тэмцээний ялагч 60 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэх бөгөөд хоёр төрлийн тэмцээний шагналын нийт сан нь 1 сая 429 мянган ам.доллар юм.  


Рапид тоглолтын тэмцээн швейцар системээр болж байгаа бол блиц тоглолтын тэмцээн хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд швейцар системээр тоглож, шалгарсан шилдэг 8 шатарчин плей-офф буюу хасагдах шатанд өрсөлдөх бөгөөд 3 дугаар байрын төлөөх тоглолт болохгүй. Блиц тоглолтын үед шатарчид нэг нүүдэл хийхэд 3 минут 2 секундийн хугацаа зарцуулах ёстой.   

 

 

Холбоотой мэдээ