ХУД-ийн нэгдсэн эмнэлэг 35 жилийн ойгоо тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-12 10:25:16

“Үйлчлэгч таньд сэтгэлийн дулаан илчийг-Бид өгч, Үйлчлүүлэгч таны итгэлийн цог галыг-Бид бадраана” гэсэн уриан дор нэгдэн нягтарч, хамгийн соёлтой дотно чирэгдэлгүй үйлчилгээг иргэдэд үзүүлж буй  Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн түүхт 35 жилийн ой ойрын өдрүүдэд тохиож байна.

Тус эмнэлгийн үе үеийн эмч, сувилагч ажилтнууд энэ сарын 9-нд талархлын уулзалт зохион байгуулж 35 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэв.

Энэхүү үйл ажиллагаанд ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, ерөнхий эмч Б.Бааст, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган болон бусад албаны хүмүүс, эмч, сувилагч, ахмад ажилтнууд оролцсон юм.

Тус эмнэлэг нь анх 1980 оны дөрөвдүгээр сард Ажилчны районы Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдан хэвтүүлэн эмчлэх 120 ортой, нэг ээлжиндээ 300 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхэлжээ.

Харин өдгөө 180 ортой, жилд дунджаар 8600 гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус эмнэлэг нийт 120 гаруй эмч ажилтантай бөгөөд 24 эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн, 46 сувилагч тусгай мэргэжилтэн болон аж ахуй үйлчилгээний ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ