Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч нарыг урих саналаа уламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-08 15:06:30

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Суреш Бабу Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Энэтхэг улс олон жилийн турш манай улсад буцалтгүй тусламж үзүүлсээр ирсэн. Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд ирэхдээ ХСҮТ-д “Бабатрон” зайн туяа эмчилгээ, “Imagin” төлөвлөлтийн аппарат хандивласан. Цаашид Монгол Улсын ЭМЯ, БНЭУ-ын Эрүүл мэнд, гэр бүлийн яамны зүгээс хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, эмч мэргэжилтний солилцоо, ялангуяа БНЭУ-ын эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч нарыг удаан хугацаагаар урьж ажиллуулах, эрүүл мэндийн мэдээлэл технологийн чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” гэв.

Элчин сайд Суреш Бабу, “Энэтхэг Улсын Ерөнхий сайд 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Уламжлалт анагаах ухаан болон эмийн бус эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын санамж бичгийг байгуулсан. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Сайдын гаргасан саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, Энэтхэгийн талаас богино хэмжээний тэтгэлэгт сургалт явуулах боломжтой, бүхий л саналыг холбогдох албаны хүмүүст уламжилж ажиллана” гэв.

Цаашид хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эмч, мэргэжилтнүүдийг багаар нь солилцон ажиллуулах, сургах, эмийн салбарт хамтран ажиллах зэрэг саналыг талууд дэмжлээ гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ