Эмч нар харилцааны чадвараа хөгжүүлэхэд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-09 09:32:57

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судасны төв, Эх нярайн эрүүл мэнд ба Цахим эрүүл мэндийн өргөжил” төслийн хүрээнд Франц улсын “Пипл Праймтайм” Олон улсын академитай хамтран Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төвийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан “Харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалт” эхэллээ.

Тус сургалт нь эмч мэргэжилтнүүдэд өөрийгөө таних, харилцааны чадварын давуу ба сул талыг олж мэдэх, хамтран ажиллагсад, өвчтөнүүд, тэдгээрийн ар гэрийнхэнтэй өдөр тутмын харилцаанд орохдоо өөрийн харилцааны чадварын давуу талаа хэрхэн ашиглах, сул талаа хэрхэн засч залруулах аргыг зааж чиглүүлэх зорилготой.

Нийгмийн харилцааг амжилтгүй болгодог, хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгэдэг, улмаар ажлын бүтээмж урам зоригийг мохоож байдаг стресс, уур бухимдлаас хэрхэн зайлсхийх, хэрхэн түүнээс ангижрах, улмаар харилцаагаа аварч, бие биенээ ойлгосон, хүндэлсэн, хамтрагч харилцаа хандлагыг бий болгох, батжуулах тухай хувь хүний зан чанарт суурилсан сэдэв нь тус сургалтын чухал хэсэг байх юм.

Сургалтыг Франц улсын “Пипл Праймтайм” Олон улсын академаас уригдан ирсэн 29 жилийн мэргэжлийн туршлагатай нийгэм судлаач, харилцаа хандлагын мэргэжилтэн, сэтгэл зүйч Жиоржио Боуроникос болон байгууллагын стратеги зохион байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн мэргэжилтэн Оливие Ноблот нар явуулж байна.

Сургалт энэ сарын19-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ