ОРХОН: Ерөнхий боловсролын сургуулиудад хими, физикийн танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-05 14:43:53

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Орхон аймаг, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн 2025 оны хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын 7, 4 дүгээр сургуульд химийн болон физикийн хичээлийн иж бүрэн кабинетыг тохижуулан хүлээлгэж өглөө.


Орхон аймаг жил бүр уул уурхайн үйлдвэрүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, төлөвлөгөө байгуулан боловсрол эрүүл мэнд нийгмийн салбарт хамтран ажилладаг. Тухайлбал, 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг нэмэхэд 1,9 тэрбум төгрөгийг хамтран шийдвэрлэж байв. 


Мөн “Ачит ихт”  ХХК ерөнхий боловсролын 6 сургуульд химийн кабинет байгуулсан. Хамтын ажиллагааны уламжлал болсон нэг ажил нь химийн хичээлээр анги нийтийг хамарсан масс олимпиадыг жил бүр зохион байгуулж байна. Энэхүү сайн туршлагыг “Зэс эрдэнийн хувь” ХХК үргэлжлүүлэн 7-р сургуульд 76 сая төгрөгөө  химийн, 4-р сургуульд 65 сая төгрөгөөр физикийн хичээлийн кабинетуудыг засварлаж тохижуулан, сургалтын хэрэглэгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө.


Ингэснээр аймгийн хэмжээнд 7 дахь ерөнхий боловсролын сургууль химийн иж бүрэн лабораторитой, нэг сургууль физикийн судлагдахууны иж бүрэн анги танхимтай болж байна. 


1987 онд байгуулж байсан 7 дугаар сургууль анхны орчин үеийн стандартад нийцсэн иж бүрэн лабораторитой болсонд багш, сурагчид сэтгэл хангалуун байна. Тус сургуулийн дунд, ахлах ангийн 300 гаруй сурагч онолын мэдлэгээ практикаар бататгаж, химийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах боломж бүрдлээ. Харин ерөнхий боловсролын 4-р дүгээр сургууль 2015 онд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон ч бүрэн дүүрэн ашиглах анги танхим дутагдалтай байсан нь шийдэгдлээ. 


“Зэс эрдэнийн хувь” ХХК 2024 онд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 ажлыг хэрэгжүүлсэн бол 2025 онд 10 ажлыг 150 сая төгрөгөөр хэрэгжүүлэхээр ажиллаж буйн нэг нь боловсролын салбарт хийж буй энэхүү хөрөнгө оруулалт юм.



 

Холбоотой мэдээ