Антибиотикийг хариуцлагатай хэрэглэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-14 14:28:05

Антибиотикийн мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд ДЭМБ-аас тэмдэглэн өнгөрүүлдэг “Антибиотикийг зохистой хэрэглэе” дэлхийн 7 хоног өнөөдрөөс эхэллээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр ЭМЯ, тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дарга, эм зүйн алба, эм хангамжийн байгууллага, МХЕГ-ын төлөөлөл антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэхийг уриалав.

Нянгийн эсрэг эм, түүний дотор антибиотикт нян тэсвэржих  нь дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж байна. Статистикийн мэдээнээс үзэхэд дэлхийд жилд дунджаар 700000 хүн антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараар нас барж байгаа аж.

Манай улсад хүн амын дунд антибиотикийн зохистой хэрэглээ, түүнийг буруу хэрэглэснээс гарах сөрөг нөлөөний талаарх мэдлэг хангалтгүйгээс антибиотикийг дур мэдэн замбараагүй хэрэглэх, эмийн сангаас эмчийн жоргүйгээр олгох, эмч антибиотикийг буруу сонгох  зэрэг нь антибиотикийн тэсвэржилт үүсэх шалтгаан болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. 

Дэлхийн 7 хоногийн компанит ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд  ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн тусламжтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлага, антибиотикийг жороор бичиж, олгох хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн уриалга, сургалт, сурталчилгааг явуулах юм.  Мөн теле сургалт,  өрхийн эмнэлгүүдийн эмч нар болон эмийн санчдад антибиотикийг зөвхөн эмчийн жороор бичиж  олгохыг уриалах, иргэдэд нянгийн тэсвэржилтийн  хор уршгийн талаарх  мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр  түгээх зэрэг үйл ажиллагааг  явуулахаар төлөвлөжээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ