Анхны терроризмыг устгасан хүн бол Монголын Хөлөг хаан байсныг илтгэлдээ дурдсан
МОНГОЛЫН МЭДЭЭӨнгөрсөн долоо хоногт Москва хотноо ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгугийн санаачилгаар анх удаа болж буй Афганистаны асуудлаар олон улсын бага хуралд Монгол улсаас Зэвсэгт хүчний Зориулалтын цэргийн командлагч бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан нар оролцов. Москва дахь манай сурвалжлагч Монголын төлөөлөгчидтэй уулзаж ярилцсаныг та бүхэнд толилуулъя.
- Хурлын үдээс өмнөх хөтөлбөрт Монголын хурандаа Б.Мөнхсайхан “Афганы дайны түүх болон сургамжууд” сэдвээр өөрийн судалгаанд тулгуурласан их сонирхолтой илтгэл тавьлаа. Илтгэлийн гол санаа тань юу байв?
-Афганистан улстай Монгол улс олон зууны түүхэн холбоотой. Сонирхолтой нь, тэртээх 800 жилийн өмнө байсан тэр үеийн дэг журам маань өнөөг хүртэл тогтворжиж чадаагүй байдаг. Үүнийг ялангуяа, цэргийн түүхээс харахад манай Хөлөг хааны үеэс тогтоосон сайхан дүрэм журам афганы ард түмэнд 200 гаруй жил өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон байдаг юм билээ. Гэтэл манай үед Орос, Америк, олон улсын цэргийн хүчин /НҮБ/ алин ч тэр үр дүнд хүрч чадахгүй байна. Үүнд хүрч чадахгүй байгаагийн шалтгааныг судэлж үзүүштэй. Гэтэл Их Монгол улсын түүхэнд манай хаадын, цэргийн хийсэн аян дайны үед тухайн ард түмэн шашин шүтлэг, хэл соёлоо хадгалж үлдсэн байдаг. Иймээс манай эзэн Чингисийн улс олон жил оршин тогтносон байдаг юм билээ. Гэтэл орчин үеийн дайныг харахад ард түмний соёл, шашныг хүндэлж үзээгүйгээс тухайн улс орны ард түмэн эргээд дайсагнадаг. Орос нь ч тэр, Америк нь ч тэр харж байгаа байдал нь. Ер нь эсрэг тэсрэгийг зохицуулж байсан тэр түүхэн улбааг бид судлах нь зүйтэй юм болов уу гэсэн утгаар би энэ илтгэлийг тавьсан. Орчин үеийн дайны үр дүнг сүүлийн 200-300 жилийн дайны түүхтэй харьцуулж судлаад, урьд нь 800 жилийн өмнө монголчуудын тогтоосон дэг журам одоо биелэлээ олох боломжтой юу гэх үүднээс хийсэн судалгаагаар илтгэл тавьсан.
-Та Их Монгол улсын үед терроризм байсан тухай сонирхолтой баримт гаргаж тавьжээ. Энэ тухайгаа тодруулаач?
-Тийм. Анхны терроризм буюу алан хядагчийг бэлтгэж байсан тэр Алладины сургуулийг манай Хөлөг хаан тэргүүтэй монгол цэргүүд устгасан байдаг. Үүгээрээ тэд тухайн цайзад оршиж байсан тэр ёс журмыг бүгдийг устгаж чадсан байдаг. Энэ бол терроризмын анхны уул уурхайг устгасан анхны том гавъяа байсан гэдгийг цэргийн судлаачдад зориудаар харуулахыг хичээлээ. Энэ судалгаа бол угаасаа сонин тохиолдол. Гэтэл терроризмын уул уурхай одоо хүртэл байсаар байна. Энийг бүрэн утсгаж, үндсээр нь зогсоож чадахгүй байгаа нь бид орчин үед арай өөр хэлбэрийг хайх ёстой юм болов уу гэж боддог.
-Судлаачийн хувьд энэ арга хэмжээний ач холбогдлыг хэрхэн дүгнэх байна?
-Ер нь Төв Ази тэр тусмаа, тус тивд оршиж байгаа Афганистан бол олон дайны хөлд үрэгдсэн, тэгээд цаг үе болгонд л тулгамдсан асуудлын үүр уурхай нь болж ирсэн. Энэ аюулгүй байдлаар дамжуулаад Төв Ази болон тэнд оршиж байгаа Монгол улс ч гэсэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангахад олон улсын ялангуяа, цэрэг хамтын ажиллагааны чиглэлээр өөрийн хувь нэмрийг оруулах ёстой гэж үздэг. Энэ хуралд бид ач холбогдол өгч оролцож байна. Тэгээд ч Монгол улсын зэвсэгт хүчин НАТО-гийн хөтөлбөрт оролцож ирсэн түүх бий. Одоо хүртэл манай цэргийн албан хаагчид Афганистанд энхийн үүргээ гүйцэтгэсээр байна.
- Бригадын генерал Р.Сүхбат та энэ сэдвээр яриагаа үргэлжлүүлвэл ямар вэ?
-За, тэгье. Миний хувьд бол “Афганистан улсын аюулгүй байдлын өнөөгийн орчин, цаашдын хөгжлийн чиг хандлага. “Исламын улс” Афганистан улсын аюулгүй байдалд заналхийлэх шинэ хүчин зүйл” сэдвээр /риторик бодол эрэгцүүлэл /илтгэл тавьлаа. Ерөнхийдөө Афганы өнөөгийн байдал бол үндсэн дөрвөн хүчин зүйл дээр тогтож буйг харуулахыг зорьсон.
Нэгдүгээрт, 2014 оноос Афганистаны аюулгүй байдлыг хангах олон улсын цэргийг тус улсаас гарч эхэлсэнтэй холбоотой Афганистаны дотоодын зөрчил нилээд үүссэн.
Хоёрдугаарт, Украйны асуудалтай холбоотой буюу ОХУ болон барууны орнуудын хооронд гарч буй зөрчлийн асуудал. Цаашилбал, эдгээр нь Төв Ази болон Афганистан, Пакистаны аюулгүй байдалд тодорхой нөлөө үзүүлж байгаа гэдгийг тэмдэглэмээр байна.
Гуравдугаарт, Ойрхи-Дорнодын цагийн байдал нилээд хурцдаж байна. Энэ нь Исламын алан хядах бүлэглэлийн эрчимтэй үйл ажиллагаатай холбоотой. Энэ бүлэглэл Афганистаны аюулгүй байдлын орчинд хүчтэй нөлөө үзүүлж байна.
Дөрөвдүгээрт, Афганистан улсын дотоодын үндэстэн хоорондын зөрчил ялангуяа, пуштум, тажикуудын зөрчил. 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгчөөр пуштум үндэстний томоохон төлөөлөгч Ашраф Гани ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүчлэн тус улсын хүн амын 33 хувийг эзэлдэг тажик үндэстний төлөөл Абдулла ерөнхий сайдаар томилогдсон. Гэтэл энэ хоёрын зөрчлүүд бас байдаг. Эдгээр нь тус улсын дотоодын аюулгүй байдалд тодорхой нөлөө үзүүлж байна гэж үзэж байна.
Цаашилбал аюулгүй байдлын орчин нөхцлийг бэхжүүлэх чиглэлээр ШХАБ-ын орнууд ялангуяа, үүнд тэргүүлэх чиглэлийн үүрэг гүйцэтгэж буй ОХУ болон Энэтхэг, Хятад, Иран улсын оролцоо нилээд байх болов уу. Ер нь ШХАБ –ын орнууд Афганистаны аюулгүй байдлыг тогтворжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээн авбал ахиц гарна гэсэн чиг хандлагатай байна шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.
-“Лалын улс” бүлэглэлийн тухай та юу хэлэх байна. Таны илтгэлийн сэдэв бас “Исламын улс” -Афганистаны аюулгүй байдалд нөлөөлөх шинэ сөрөг хүчин зүйлүүд” гэсэн байхаа?
-“Исламын улс” бүлэглэл байгаа. Энэ бүлэглэл үндсэндээ Ирак, Сирийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Гэтэл энэ байдал улам өргөжиж Афганистан улсын аюулгүй байдлын орчинд нөлөөлж байна. Та бүхэн мэдэж байгаа Афганистанд хэд хэдэн томоохон алан хядах бүлэглэл байдаг, тэдгээрийн нэг нь Талибууд. Сүүлийн үед талибуудын үйл ажиллагаа их идэвхжиж байна. Ялангуяа талибуудын эсрэг 2014 онд Пакистаны арми тодорхой цэргийн томоохон ажиллагаа явуулсантай холбоотой Афганистаны дотоодын байдал маш их зөрчилдөөнтэй болсон.
-Талибууд дотроо бас ялгаатай байх уу?
-Ер нь бол талибуудыг 3 хувааж үздэг. Нэгдүгээрт, гадаадын хөлснийхэн дээр тулгуурласан талибууд, хоёрдугаарт, байнгын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байдаг талибууд байна. Гурав дахь нь цагаан талибууд гэж нэрлэдэг юм. Тэд бол тодорхой цаг хугацаанд мөнгөний төлөө үйл ажиллагаа явуулчихаад, эргээд амьдралдаа орчихдог.
Эцэст нь хэлэхэд, “Исламын улс” бүлэглэл идэвхжсэнээр Афганистанд дотоодын эмх замбараагүй байдал бий болж, энэ нь тус улсын дотоодын аюулгүй байдалд хүчтэй нөлөөлж байгаа тухай би илтгэлээ тавьсан.
-Та Афганистаны дайны асуудлаар олон улсын бага хуралд оролцож байгаагийн хувьд энэ арга хэмжээний ач холбогдолыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ арга хэмжээ бол бүс нутгийн, ялангуяа, Төв Азийн болон Афганистаны аюулгүй байдалд бие даасан дүгнэлт өгч байгаагаараа нилээд ач холбогдолтой юм. Монгол улс олон улсын цэргийн хамтын харилцаанд оролцдог орны хувьд Афганистаны байдлыг тогтворжуулан тэнцвэржүүлэхэд өөрийн хувь нэмрийг ямагт оруулах эрмэлзэлтэй байдаг. Иймд энэ хурал хоёр талын ач холбогдолтой гэж үзэж байна . Нэг талаас бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг нэг ширээний ард нэг дуу хоолойгоор ярьж байгаад оршиж байна. Хоёрдугаарт, бүс нутгийн бусад орнууд ялангуяа, ШХАБ-ын гишүүн орнууд, түүний ажиглагч, түншлэгч орнууд болон Афганистантай хил залгаа орнууд Афганистаны аюулгүй байдлын асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлж буйд тодорхой хэмжээгээр дүгнэлт хийх боломж өгч байгаа нь их ач холбогдолтой юм.
-Цаг зав гаргаж ярилцсан та бүхэнд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье!
Ярилцсан А.Огторгуймаа . Москва хот.