Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савд тархан нутагладаг ховор амьтдын нэг нь халиун буга бөгөөд Хархираа, Түргэний уулс, Ханхөхийн нуруу зэрэг нутгаар сүрэглэн бэлчээрлэдэг байна.
Халиун буга нь бугын төрлийн хамгийн том биетэй зүйлд тооцогддог. Эрийг нь дайр гэх бөгөөд сэрвээний өндөр нь 140-165 см, биеийн урт нь 213-247 см, жин нь 250-345 кг хүрдэг байна. Харин эмийг нь согоо гэх бөгөөд биеийн урт нь 193-232 см орчим байдаг аж.
Эр бугын хамгийн содон шинж нь том, салаалсан эвэр юм. Бүрэн хөгжсөн үедээ 12 хүртэл салаатай болж, эвэр нь ойролцоогоор 7 кг жин татдаг байна. Дайр 10-12 насандаа хамгийн хүчирхэг эвэртэй болдог бөгөөд хавар буюу гуравдугаар сараас эврээ гээж, намрын орооны үеэс өмнө шинэ эвэр нь ургаж гүйцдэг аж.
Биеийн зүс нь улирлын байдлаас хамааран өөрчлөгдөнө. Зуны улиралд шаргал, бор хүрэн өнгөтэй байдаг бол өвөл бор саарал болж, үс нь 3-4 см урт, ширүүн сортой, өтгөн ноолууртай болдог байна.
Увс нуурын ай савын ховор зүйлийн амьтан тул халиун бугыг агнахыг хориглосон бөгөөд тархац нутгийнх нь 11 орчим хувь улсын тусгай хамгаалалтад байна.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Лхамсүрэнгийн хэлснээр халиун буга нь байгалийн экосистемд тодорхой үүрэгтэй амьтан юм.
Тэрбээр “Халиун буга нь Увс аймгийн Хархираа, Түргэний уулс болон Ханхөхийн нуруунд нутагладаг. Манай аймгийн 10 гаруй сумын нутагт халиун буга бий. Тоо толгой нь сүүлийн жилүүдэд өсөж байна. Энэ амьтан нэг удаад ихэвчлэн ганц янзага гаргадаг бөгөөд маш ховор тохиолдолд ихэрлэнэ. Мөн бэлчээр сэргээж, байгаль орчны нөхөн сэргэх үйл явцад тодорхой хувь нэмэр оруулдаг, баас нь хүртэл бордоо болдог онцлогтой” хэмээлээ.
Намрын орооны үеэр эр буга урамдаж, сүргийнхээ дунд сүр хүчээ илэрхийлэн, уулын хөндийд өвөрмөц дуу авиа цуурайтуулна. Энэ нь халиун бугын үржлийн үеийн зан төрхийн нэг илрэл бөгөөд намрын улиралд Увсын уулс, хөндийд сонсогдох байгалийн содон үзэгдлийн нэг юм.











#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар - The Nature Conservancy in Mongolia (TNC)
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation