Халдвараас сэргийлэх ажилд ахиц гарна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ онд Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын “Хөгжил-5” хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн нэгдсэн ариутгал, хог хаягдлын халдваргүйтлийн өрөө байрыг засварлахаас гадна тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.
Мөн Нян судлалын лабораторийн засвар, өргөтгөлийг хийх аж. “Ингэснээр аймгийн хэмжээнд эмнэлгийн халдвараас сэргийлэх ажилд ахиц гарч бүх эмнэлгүүд тарианыхаа шаариг, хөвөнгөөс эхлээд шаардлагатай материалуудаа ариутгах боломжтой болно.
Мөн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэснээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн бүх байгууллагуудын тусгай хог хаягдлыг нэгдсэн журмаар халдваргүйтгэж хаях боломжтой.
Төсөв санхүүгийн жил эхлэж байгаа учир эхний ээлжинд урин дулааны цаг болохоор байшин, өрөө тасалгааны засвар үйлчилгээг хийнэ. Дараа нь тоног тхөөрөмжийг суурилуулна. Үндсэндээ энэ жилийн хоёрдугаар хагасаас ажлаа эхэлнэ ”хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг ярив.
Дашрамд дурдахад өнгөрөгч оны сүүлчээр Нэгдсэн эмнэлэг хэвтэн эмчлүүлэгчдийн тав тухтай байдлыг хангах, дотоод засвар үйлчилгээ хийх, үйлчилгээний ээлтэй орчныг бүдүүлэхэд анхаарч эмнэлэг амбулатори, тасаг нэгжийн урсгал засварыг хийж үйлчилгээний нөхцлийг дээшлүүлсэн аж.
Мөн Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын “Хөгжил-5” хөтөлбөрийн хүрээнд нэгдсэн эмнэлгийн цусны салбар банкны өрөө тасалгааг засварлаж, тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчилж суурилуулж дуусчээ.
Эмнэлгийн дотоод орчныг сайжруулах, засвар үйлчилгээ хийхэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа 19 сая төгрөг өгсөн бол аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин 28 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
Х.Эрдэнэбулган