Гамшиг, онцгой байдлын үеийн манлайллын талаар Австралийн туршлагаас суралцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2017-01-16 14:31:21

“Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн шинэчлэл, манлайлал ба хариуцлага” Үндэсний IV зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын танхимд өнөөдөр эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.

Энэхүү зөвлөлгөөнд 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж, гамшиг, онцгой байдлын талаар эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд авсан арга хэмжээ болон цаашдын чиглэл хандлагын талаар ярилцаж байгаа юм.

Өнөөдөр “Гамшиг, онцгой байдлын үеийн манлайлал”, “Гамшиг, онцгой байдлын үед улс төрийн манлайлагч нартай ажиллах нь”, “Гамшгийн харилцаа, холбоо /сайн туршлагын зарчмууд/”, “Гамшиг, онцгой байдлын үед сошиал хэвлэлийн сувгийг ашиглах нь”, “Гамшгийн сэрэмжлүүлэг ба өртсөн хүн амд мэдээлэл хийх нь” зэрэг илтгэл, сургалтыг Австрали улсын Гриффитийн их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн профессор Хамыш өөрийн улсын туршлага дээр үндэслэн оролцогчдод таниулж байгаа юм.

“Монгол Улсын хувьд 2014 оноос Яаралтай түргэн тусламжийн мэргэшсэн эмч, мэргэжилтнүүдийг багц сургалтад хамруулан бэлтгэж эхэлж байгаа юм. Мөн онлайн буюу зайны сургалтыг ч зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр гамшиг, онцгой байдлын үед улс орны хэмжээнд буюу тухайн орон нутагт хэрхэн ажиллах онол, арга зүйн загварчлал болон нэгдсэн мэдээллийн сүлжээнд хамруулах талаар хэрэгжүүлэх олон ажил байгаа. Иймд бид уг зөвлөлгөөнөөс тодорхой асуудлыг шийдвэрлэх зөвлөмж гаргана” хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар /ЭТГ/-ын ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа онцолж байв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ