Сүлдэн хөх овоонд Их сүлдний бага цагаан тугийг тахиж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬИх Монгол Улсын эзэнт гүрний үүх түүхтэй холбоотой газар Дорноговь аймагт бишгүй бий. Тус аймгийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэн хөх овоо гэдэг газарт Эзэн богд Чингэс хааны төрт улсын Их сүлдний бага цагаан тугийг тахиж байжээ.
Туг цэнгүүлдэг хүмүүс нь тусгай дэг жаягтай, үе удамдаа хүлээлгэн өгдөг зөншилтай байсан бөгөөд сүүлчийн тугч Д.Дорж хэмээх хүн 1930-аад оны дунд үе хүртэл тахиж байсан авч хэлмэгдүүлэлт эхэлснээр тасарсан аж. Түүний үр удам 200 гаруй хүн эдүгээ “Тугч” овгийн удмыг залгаж байна.
МУИС-ийн багш, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам 1990-ээд оны эхээр Мэргэн вангийн хошуунд тахиж байсан хангал эхт цагаан тугийн тахилга бэлгэдлийн тухай ихэд судалж олон зүйлийг түүхэн хүний яриа, дурсамжаас тодорхой болгосны дагуу эдүгээ томоохон судалгааны бүтээл туурвижээ.
Эрдэмтэн мэргэд хийгээд тэр тусмаа С.Дулам багшийн хэлж ярьсны заримаас дурдахад , Цагаан тугийг Дорноговийн Сүлдэнэ хөх толгойд, баруун хязгаарт одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Илжигэн халхын Лу жанжин гүний хошуунд, Говь-Алтай аймгийн Тарган баатар вангийн хошуунд гэх зэргээр улсынхаа торгон хил дагуулан тахиж байж.
Харин Чингэс хааны Хар сүлдний хувьд Хурц ван Түдэнгийн хошуунд Хатгины, Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд, Дорнод аймгийн Баян эрхт толгой дээр, Баруун хүрээнд, Эрдэнэзуугийн орчимд зэрэг тодорхой тоотой хэдэн газарт тахиж байжээ. С.Дулам багшийн хэлснээр “Монгол нутгийн үүд хаалга болж байгаа газар. Жирийн үгээр хэлбэл дайсан цөмөрмөөр газрыг тосгуулж тугийн тахилгыг хийж байсан болов уу гэж санагддаг. Нөгөө талаас үзэхэд маш олон үе зуунаар улирч ирсэн сүлд тахилгатай газар сонгож тэр тугаа байршуулж байсан нь гарцаагүй” гэсэн байдаг.
Мөн академич Н.Ишжамцын Чингисийн туг сүлдний сэдвийн “Хутаг уулын хошуу Хөвсгөл сумын түүх” зохиолд Чингисийн сүлд тугны талаар тодорхой бичсэн аж.
Түүнд тэмдэглэсэн хамгийн сонирхолтой зүйл бол Дорноговийн Хөвсгөл суманд тахиж байгаа сүлд туг жинхэнэ Чингисийн сүлд туг мөн гэж үзээд “Түүхэн домог ёсоор Зүүнгарын довтолгооны үеэр Өвөр Монголд аваачиж байршуулж байгаад дайн самууны хөл тасармагц Мэргэн вангийн өргөө ордонд эргүүлж авчирч, тахиж тунгах болсон гэжээ.
Хэдийгээр эзэн хааны төрт ёсны сүлд тугийг тахих ёс цагийн цөвүүнд тасарч, туг сүлд алга болсон ч дараа нь олдож аймгийн Музей сургалт, судалгааны төвд залсан байдаг. Харуул овооны тухай ном сударт олонтаа гардаг байсныг санахад Монголын өмнөд хилийг өдий болтол хараалсан эзэн Чингисийн сүнсүгтэй, төр улсын сүлд оршоосон Сүлдэн Хөх овоо биднийг аюул бүхнээс хамгаалсаар ирсэн байна.
Энэ бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор цогцолбор байгуулах шийдвэрийг аймгийн ИТХ-аас гаргаж байсан хэдий ч одоогоор дорвитой ажил хийгдээгүй байна.
Х.Эрдэнэбулган