Томуугийн тархалт буурч, эмнэлгүүд хэвийн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-01-25 13:01:43

Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж эхэллээ.

Өчигдрийн байдлаар амбулаторийн 83955 үзлэг хийсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.

Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй. Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг томуу, томуу төст өвчтөн эзэлжээ. Харин нийт өвчлөгсдийн 80.96 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Хүүхдийн түргэн тусламжийн 1061 дуудлага ирснээс 39.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хамгийн өндөр үзүүлэлтээр нь авч үзвэл, Багануур дүүрэгт 11.6 хувь, Чингэлтэй дүүрэгт  8.7 хувь, Сүхбаатар дүүрэгт найман хувийг тус тус эзэлж байна.

Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гэрийн эргэлт үзлэг, утасны зөвлөгөөг сайжруулж, хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, бага насны хүүхдийн хоол тэжээлийн талаарх зөвлөгөө, өвчтэй хүүхдийн асаргаа сувилгаа зэрэг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ