Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж хоёрдугаар сарын 01-нд аймгийн Онцгой комисс хуралдав.
Хурлаар шүлхий өвчнийг орон нутагт тархаахгүй байх, амьд малын хөдөлгөөнийг хязгаарлах, сум, аймгийн холбогдох албан тушаалтан, малчдад шаардлагатай зөвлөмж, албан даалгавар өгөх, нийтийг хамарсан арга хэмжээг тодорхой зохицуулалттайгаар авч хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар болов.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас Замын-Үүд рүү явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Эрдэнэ сумаар дамждаг тул Эрдэнэ суманд байдаг авто замын гарам дээр ариутгал халдваргүйтгэлийн цэг байгуулахаар тогтсон байна.
Шинэ он гарснаас хойш Дорноговь аймгийн хэмжээнд малын гоц халдварт цэцэг өвчний голомт Дэлгэрэх, Сайншанд суманд дахин гарсан.
Дээрх сумдад өндөржүүлсэн бэлэн байдалд зарлаж, орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж буй бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 01-ний байдлаар нийт 215 малыг устгалд оруулаад байна.
Х.Эрдэнэбулган