Хиймэл оюун ухааны программ покер тоглож 290 мянган доллар хожжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-04-12 11:45:31

БЭЭЖИН./BBC/. Хятадад болсон покерын үзүүлэх тоглолтын үеэр хиймэл оюун ухааны программ зургаан тоглогчоос бүрдсэн багийг хожжээ.

Энэ программыг "Lengpudashi" гэж нэрлэдэг бөгөөд таван өдөр үргэлжилсэн уг тэмцээний үеэр өрсөлдөгчдөө бут ниргэн ялалт байгуулж, нийтдээ 290 мянган доллар буюу 230 мянган фунт стерлинг хожсон байна.

Энэ нь он гарснаас хойш хиймэл оюун ухааны программ чадварлаг тоглогчдыг хожин ялалт байгуулсан хоёрдахь тохиолдол болж байгаа юм.

Уг программын эхний хувилбар болох "Libratus" гэдэг программ  1 дүгээр сард 20 өдрийн турш үргэлжилсэн покерын тэмцээний үеэр дэлхийн хамгийн шилдэг мэргэжлийн 4 тоглогчийг хожиж байжээ.  

Энэ программыг АНУ-ын Карнеги Меллоны их сургуулийн профессор Туомас Сандхолм болон докторын зэрэг горилон суралцаж буй оюутан Ноам Браун нар зохион бүтээсэн байна. Шагналын мөнгийг энэ хоёр хүний үүсгэн байгуулсан "Strategic Machine" компанид шилжүүлэх гэнэ.

"Lengpudashi" хиймэл оюун ухааны эсрэг тоглосон багийг өнгөрсөн жилд болсон покерын дэлхийн цуврал тэмцээний 5000 доллар болон түүнээс дээш бооцоотой тэмцээнд түрүүлж байсан Юэ Ду ахлан тоглосон байна. Хиймэл оюун ухааны программын учир шалтгааныг олох чадвар болон шийдвэр гаргах стратегийг улам сайжруулахын тулд энэ төрлийн тэмцээнүүдэд оролцуулж, боломжийг нь сорьдог юм байна.   

Х.Сарнай 

 

Холбоотой мэдээ