BEST халуун цөмийн реакторыг 2027 онд барьж дуусгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-10-28 18:24:06

ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. “Хиймэл нар” гэгддэг BEST (Burning Plasma Experimental Superconducting Tokamak) халуун цөмийн туршилтын реакторыг Хятадын эрдэмтэд 2027 онд барьж дуусгахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдээлжээ. 


Түүний хэлснээр, уг төхөөрөмж нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийн анхны ийм төрлийн байууламж болж магадгүй байна. 


Энэхүү төслийг Хятадын ШУА-ийн Плазмын физикийн хүрээлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд зүүн Хятадын Аньхуй мужийн засаг захиргааны төв болох Хэфэй хотод барьж байгаа ажээ.


Халуун цөмийн энэхүү авсаархан төхөөрөмжийг асар өндөр вакуум бүхий аварга халуун сав шиг ажилладаг Дьюарын суурь дээр ажиллуулах юм. Түүний жин 400 гаруй тонн, диаметр нь 18 метр, өндөр нь 5 метр. Мөн Цельсийн -269 хэмд ажилладаг хэт дамжуулагч соронзон системээр тоноглогдсон бөгөөд энэ нь дейтерий ба тритийн шатаж буй плазмыг тогтвортой барих зориулалттай. 


Албан бусаар “хиймэл нар” хэмээн нэрлэгддэг халуун цөмийн туршилтын реактор барих хэд хэдэн төсөл Хятадад  хэрэгжиж байна. Тухайлбал, энэ нэрийг мөн EAST (Experimental Advanced Superconducting Tokamak) буюу туршилтын хэт дамжуулагч токамак төхөөрөмжид хэрэглэж байсан юм.


2025 оны эхээр EAST төхөөрөмжийг турших явцад плазмыг хэт өндөр хэмд 1066 секундийн турш тогтоон барьж чадсан нь ийм төрлийн төхөөрөмжүүдийн хувьд дээд амжилт болжээ.



Холбоотой мэдээ