Сайншандад нарны болон салхин станц баригдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/.Одоогийн байдлаар Дорноговь аймагт нарны болон салхины эх үүсвэрээр эрчим хүч гаргаж авах хоёр төслийн ажил үргэлжилж байна.
“Дезерт солар пауэр вуан” ХХК Сайншанд сумын зүүн талд морь барианы газрын орчимд 30 мвт-ын нарны цахилгаан станц барих ажлыг ирэх тавдугаар сард эхлэхээр төлөвлөжээ.
Нарны эх үүсвэрээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх энэхүү төсөл “Багануур” ЗӨБЦТСК-ийн эх үүсвэрээр тэжээгдэж байгаа Сайншанд болон Замын-Үүд зэрэг томоохон сууринд шаардлагатай эрчим хүчийг дахин хуваарилах, нөөц эх үүсвэрийг бий болгох, эрчим хүч экспортлох зорилготой аж.
Мөн эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг бий болгох, эрчим хүчний импортыг бууруулахад чухал ач холбогдолтой аж. Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин орон нутагт бүтээн байгуулж буй “Дезерт солар пауэр вуан” ХХК-ийн захирал Э.Батзаяатай нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Гэрээгээр тус компани ажиллах хүчнийхээ тодорхой хувийг орон нутгаас хангах үүрэгтэй төдийгүй нийт 40-50 ажлын байр бий болно гэж үзэж байна.
Нарны цахилгаан станцын барилгын ажлыг 2017 онд багтааж дуусгах аж. Нөгөөх нь Дорноговь аймгийн Сайншанд хотоос зүүн тийш таван км-ийн зайд баригдах Сайншандын салхин цахилгаан станц юм. Албаныхан барилгын ажлыг ирэх сарын эцсээр эхлэхээр төлөвлөж буй.
Х.Эрдэнэбулган