Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2017-06-20 20:34:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж  тус эмнэлэгт ажиллаж байна. 

Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, анагаах ухааны доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн бөгөөд хүүхдийн зүрхний мэс заслын эмч 4, сувилагч 9 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын  18-25-нд тус эмнэлгийн Зүрхний мэс заслын тасагт ажиллах юм. 

Тус өдрүүдэд зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна. 

Мөн тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”-ын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тус эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай гурав дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж.
 
Ж.Болор
Холбоотой мэдээ